
Зургийг: Winnow/Bloomberg
Хүнсний хаягдлаа бууруулахыг эрмэлзэж буй зоогийн газар, буфет, катеринг үйлчилгээ эрхлэгчдийн хувьд түгээмэл ашиглаж болох нэгэн шинэ төхөөрөмжтэй болжээ. Энэ бол хиймэл оюунт төхөөрөмж бүхий хогийн сав.
Ухаалаг камер, жинлүүртэй, мэдрэгчтэй дэлгэцээр тоноглосон дэвшилтэт технологийн хогийн савнуудыг “Leanpath”, “Winnow Solutions”, “Orbisk B.V.” зэрэг компани санал болгож байгаа юм. Энэхүү систем хаягдсан хүнсний бүтээгдэхүүн ямар төрлийн хүнс байсан, болгосон хоол уу, хэрчсэн бэлдэц үү гэх зэргийн нарийн мэдээлэл цуглуулдаг аж.
Уг технологийн гол зорилго нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэдэн тэрбум ам.доллароор үнэлэгдэх хоол хүнс хаягддаг явдлыг зогсоож, хүлэмжийн хийн ялгарлын нэгэн томоохон эх үүсвэрийг бууруулах юм.
2022 онд дэлхий дахинд 1.05 тэрбум тонн хүнс хаягдаж, хүнсний ялзрал агаарын тээврийн салбараас бараг тав дахин их хүлэмжийн хий ялгаруулсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр тооцоолсон байна. Үүний гуравны нэг орчим нь буюу 290 сая тонн хаягдлыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бий болгожээ.
“Биднийг үйл ажиллагаагаа эхлүүлж байх үед хүнсний хог хаягдал бизнесийн ердийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байв. Гал тогооных нь томоохон асуудал байсан ч огт авч хэлэлцдэггүй байсан. Хүмүүс хүнсийг хаяж л байдаг гэсэн ойлголттой тул хаясаар л байв. Энэ талаар санаа зовнидог хүн ч байсангүй. Гэсэн атлаа компаниуд асар их мөнгө алдаж байсан” хэмээн “Leanpath” компанийг 2004 онд үүсгэн байгуулсан, Гүйцэтгэх захирал Эндрю Шакман өгүүлж байлаа.
“Leanpath”-ийн хог бүртгэх технологи дөрвөн мянга гаруй гал тогоонд ашиглагдаж байгаагийн дунд “Google” компанийн оффисууд, “Marriott” зочид буудлын сүлжээ, их сургуулийн хоолны танхимууд бий. Ухаалаг хогийн сав нь тусгай жинлүүр, мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд тогооч ямар төрлийн хүнс хаясан, яагаад хаясан, хэдэн цагт хаясан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хадгална. Ухаалаг камертай зарим загвар ажилтнуудад хаягдал хүнс хэр их хуримтлагдсаныг графикаар харуулах аж.
Өнгөрсөн онд компани 15 сая хоолыг хогийн саванд хаягдахаас сэргийлж, 55 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чадсан хэмээн тооцоолжээ.