
Эх сурвалж: NEOM
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед ибн Салманы санаачилсан футурист хотын "Neom" төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор төслийн удирдагч компани риялаар нэрлэгдсэн бонд гаргахаар төлөвлөж буйг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Тус компани бондынхоо арилжаанд зөвлөх үйлчилгээ авахаар HSBC, Al Rajhi Bank, Saudi National Bank тэргүүтэй банкнуудтай хамтран ажиллаж байгаа аж. Үндэсний мөнгөн тэмдэгтээр нэрлэгдсэн тус бонд нь 1.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх боломжтой бөгөөд энэ оны хоёрдугаар хагасаас арилжаа нь эхэлж магадгүйг мөн мэдээлсэн байна.
Саудын Арабын баруун хойд хэсгийн элсэн цөлд 1.5 их наяд гаруй ам.долларын өртгөөр баригдах Neom төслийн гол хэсэг нь 170 км урт үргэлжилсэн "The Line" нэртэй байгууламж байх юм. Шугам хэлбэртэй тэрхүү байгууламжийн голд хотын бүх үйл ажиллагааг багтаахын сацуу аж үйлдвэрийн бүс, боомтууд, аялал жуулчлалын бүсүүдийг мөн байгуулахаар төсөлд тусгажээ.
Мөн тус хот бүхэлдээ хүлэмжийн хийн ялгаралгүй, сэргээгдэх эрчим хүчнээс цахилгааны хэрэгцээгээ хангахын сацуу замгүй, автомашингүй тул хотын нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл зөвхөн өндөр хурдны төмөр замаар зорчих боломжтой байх аж.
Тус улсын Засгийн газар анхандаа "The Line" 2030 он гэхэд 1.5 сая оршин суугчтай болно гэж тооцоолж байсан ч өдгөө энэ төсөөллөө 300 мянган оршин суугч болгон бууруулаад байгаа юм.