
Зургийг: С.Батсайхан
Олон улсын үнэлгээний агентлаг “Moody's Investors Service” ХасБанк хувьцаат компанийн зээлжих зэрэглэлийг “B3” түвшинд хэвээр үлдээлээ. Төлөвийг мөн "Тогтвортой" хэвээр үлдээсэн байна.
Үнэлгээг хэвээр хадгалахдаа ирэх 12-18 сарын хугацаанд тус банкны зээлжих чадамж нь тогтвортой байна гэж үзсэн нь нөлөөлжээ. Учир нь Монголд макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, бодлогын хүү тогтвортой байгаа нь банкны хөрөнгийн чанар, капитал, ашигт байдалд дэмжлэг болно гэж үзжээ.
Мөн “Moody's”-ээс ХасБанкны чанаргүй зээлийн харьцаа ирэх 12-18 сард бага байна гэж үзэж байна. Үүнд зээлдэгчдийн төлбөрийн чадамж сайжирч, 2022 оны эцсийн байдлаарх банкны нийт зээлийн 20 хувийг бүрдүүлж буй бөөний болон жижиглэн худалдааны салбарт өсөлт гарч байгаа нь нөлөөлнө гэж үзсэн аж.