
Зургийг: Bloomberg
Уур амьсгалын хэлэлцээ хийгчид хоёр жил гаруйн өмнө нүүрсийг түүх болгон үлдээх анхны оролдлогоо хийж байлаа. Харин өдгөө хамгийн бохир шатах түлш гэгддэг нүүрс ид мандаж байна.
Сэргэлтийн замнал
БНХАУ-ын эрчим хүчний хямрал Бээжинг цахилгаан эрчим хүчний эртний найдвартай эх үүсвэр рүүгээ буцахад хүргэсэнтэй зэрэгцэн Энэтхэгт эрэлт өсөж, Украины дайны нөлөөлөл сунжирч, хөгжиж буй орнуудыг шатах түлшнээс холдуулах олон улсын төсөл хөтөлбөрүүд удааширсны ачаар нүүрс гайхалтай “тэсвэр”-тэйгээ харуулсаар байна.
Өнгөрсөн онд нүүрсний гарц дээд түвшинд хүрч, сэргээгдэх эрчим хүчийг тэнцвэржүүлэхийн тулд нүүрсийг дахиад олон арван жил ашигласаар байх ирээдүйд олборлогчид бэлдэх болов. Үнэ нь ч өндөр түвшинд хадгалагдсаар байна. Хэдийгээр эрчим хүчний нүүрс ОХУ хөршдөө халдан довтолсон 2022 онд хүрсэн дээд цэгээсээ харьцангуй бага үнээр өдгөө арилжаалагдаж байгаа ч түүхэн дунджаасаа өндөр хэвээр байгаа юм.
Энэхүү шинэ салхи Ази руу чиглэж байна. 2000 онд хөгжингүй орнууд дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тал хувийг бүрдүүлж байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) тооцоолж байв. 2026 он гэхэд БНХАУ, БНЭУ-д нийт хэрэглээний 70 хувь нь дангаараа ногдохоор байгаа аж. Хоёр “хүнд жингийнхэн” дээр Индонез улс нэмэгдээд өнгөрсөн онд нийт 59 гВт-ын хүчин чадал бүхий нүүрсний шинэ цахилгаан станцууд ашиглалтад оруулаад зогсохгүй шинээр эхлүүлсэн, сэргээсэн цахилгаан станцын төслүүдийнх нь хүчин чадал 131 гВт хүрчээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нийт төслүүдийн хүчин чадлын 93 хувийг эзлэх болохыг “Global Energy Monitor” тооцоолсон байна.
“Азийг авч үзвэл нүүрс ашигладаг цахилгаан станцуудын эрэлт, хөгжүүлэлт маш өндөр, ялангуяа Энэтхэгт эрчээ авч байна. Тиймээс ойрын хугацаанд нүүрс анхаарлаас холдохгүй” хэмээн Австралийн олборлогч “New Hope”-ийн Гүйцэтгэх захирал Роб Бишоп онцолсон юм.
Гэхдээ цаг нь ирнэ
Олон жилийн турш шинжээчид нүүрсний олборлолт 2013 онд оргил цэгтээ хүрээд цаашид тогтворжино гэсэн төсөөлөлтэй байв. Санхүүжилт нь ч тухайн үед татарч байлаа. Гэтэл 2021-2022 онд дээр дурдсан нөхцөл байдлууд үүссэнээр нүүрсний эрэлтэд ташуур өгсөн юм. Өнгөрсөн онд дэлхий даяар нүүрсний гарц 8.7 тэрбум тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрснийг ОУЭХА мэдээлж байна.
Энэ үзүүлэлт 2024 онд буурах төсөөлөлтэй ч 2026 оноос эргэн тогтворжиж, өөрөөр хэлбэл нүүрстэй салах ёс гүйцэтгэх явц улам сунжрах төлөвтэйг тус агентлаг онцолжээ.
Сүүлийн жилүүдэд нарны хавтан, салхин турбины суурилуулалт дээд түвшинд хүрч, усны эрчим хүч сэргэж, атомын эрчим хүч тогтвортой өсөж буй нь нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний үйлдвэрлэл яваандаа эрчим хүчний хэрэглээний өсөлтийг давж гарах магадлалыг нэмэгдүүлж буй.
Хэдий тийм боловч цэвэр эрчим хүч нь мөн нүүрсний хувьд “амь тариа” болно гэж БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Хон үзэж байна. Сэргээгдэх эх үүсвэрүүд зөвхөн цаг уур тохиромжтой үед эрчим хүч үйлдвэрлэх тул хэдий бусад сонголтууд гарч ирлээ ч хямд, найдвартай нүүрсний гүйцэтгэх үүрэг өндөр хэвээр байх аж. “Ирэх 10-15 жил бол стратегийн маш чухал цонх үе хэвээр байна” хэмээн тэрбээр онцолж байна.
Хэзээ нэгэн цагт нүүрсний төгсгөл ирэх нь мэдээж. Нар, салхины эрчим хүчний ахиц дэвшил нь эдгээр технологийг дэлхийн ихэнх улм оронд нүүрснээс хамаагүй бага өртөгтэй болгосны зэрэгцээ цэнэг хураагуур, нөөцлүүрийн системийн хөгжил сэргээгдэх эрчим хүчийг эцэст нь эрчим хүчний шилжилтийг гүйцээхэд хангалттай хямд болгох боломжтой.
“Дэлхийд цаашдын олон арван жилийн турш нүүрс олборлож, эрчим хүчний шилжилтийг дэмжих компаниуд илүү олон хэрэгтэй байгаа нь харагдаж байна” хэмээн “New Hope”-ийн Роб Бишоп хэлж байлаа.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com