
Зургийг: Toei Animation Co.
Саудын Араб улс нийслэл Эр-Рияд хотоосоо 40 минут явах зайтай бүсэд Японы алдарт “Dragon Ball” манга франчайзаас сэдэвлэсэн дэлхийн анхны соёл, амралтын хүрээлэн хөгжүүлэхээр 500 мянган м.кв талбайтай зориулалтын газар олгожээ. Саудын Арабын Баялгийн сангийн хөрөнгө оруулалттай үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч “Qiddiya Investment Co” тус төслийн гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Энэхүү соёл, амралтын хүрээлэнгийн нэрийн хуудас болох тоглоом нь “Dragon Ball” дээр гардаг шидэт луу Шенроны нэрээр нэрлэгдсэн 70 метр өндөр галзуу хулгана байх бөгөөд Гоку, Фриза зэрэг бусад дүрүүдээс сэдэвлэсэн нийт 30 тоглоом байрлуулахаар мөн төлөвлөжээ.
Газрын тосноос хамааралтай байдлыг бууруулах гол түлхүүр болно гэж үзэж буй энэ мэтийн төслүүддээ Саудын Араб олон тэрбум ам.доллар төсөвлөж, 2030 он гэхэд жилд 150 сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавиад байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, Японы зураач Акира Торияамагийн 1984-1995 онд бүтээсэн, дэлхий дахинаа алдаршсан “Dragon Ball” буюу “Луут бөмбөлөг”-ийг “Shueisha” компани эрхлэн гаргасан бөгөөд энэхүү манга нь 42 бүлгийн 519 ботитой. Зөвхөн Япон улсад л гэхэд 159 сая хувь зарагдсан бол дэлхийн хэмжээнд 300 гаруй сая хувь борлогджээ. 2013 онд “Луут бөмбөлгийн ертөнц” үзэсгэлэн Японы Такашимаяа их дэлгүүрт нээлтээ хийхэд 19 хоногт 72 мянган хүн ирж сонирхсон байдаг. Нийт долоон хэсгээс бүрдсэн үзэсгэлэнд “Dragon Ball” мангад дүрслэгдсэн 400 гаруй дүрийн түүх, мангакагийн гар зургууд, бичвэрүүд зэрэг олон сонирхолтой эд зүйлс тавигдаж байжээ.