
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
“SoftBank” АНУ-д ирэх дөрвөн жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Масаёши Сон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр мэдээллээ.
Хөрөнгө оруулалтын хүрээнд хиймэл оюун, дэд бүтэц, дата төвүүд, хагас дамжуулагч, эрчим хүч зэрэг салбарт төвлөрсөн 100 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Энэхүү мэдэгдлийн дараа “SoftBank”-ийн хувьцааны ханш 3.3 хувиар өсжээ. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 55 хувиар өсөөд байгаа юм.
Дональд Трампын өмнөх засаглалын үед Масаёши Сон 100 тэрбум ам.долларыг гаднын хөрөнгө оруулагчдын хамт босгож байсан бол энэ удаагийн хөрөнгө оруулалт хэр их байх нь тодорхойгүй байна.