logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Оюутолгойн зэсийн олборлолт I улиралд 8% өсөж, хүдэр буулгуурын тоо нь 99 хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 18 09:54
    685

    SeongJoon Cho/Bloomberg

    Rio Tinto ирэх таван жилийн дотор зэсийн олборлолтоо 700 мянгаас нэг сая тонн болгож өсгөх зорилт тавиад буй.

    Одоо байгаа уурхайн төслийг худалдаж авахаас илүүтэй шинэ уурхай нээх нь үнэ цэний хувьд илүү ашигтай байгаа талаар Rio Tinto компанийн Зэсийн группийн захирал, мөн компанийнхаа Арилжаа хариуцсан шинэ захирлаар саяхан сонгогдоод буй Б.Болд байр сууриа илэрхийлсэн байна. Энэхүү мэдэгдэл нь уурхайн компаниуд хоорондын хэлцэл эргэн идэвхэжнэ гэсэн хүлээлттэй байгаа салбарын ажиглагчдын урмыг хугалж магадгүй юм.

    Гэхдээ дэлхий даяар хайгуулын үйл ажиллагаа буурч, шинэ төсөл эхлүүлэх санхүүжилт дутагдалтай хэвээр байна. Тухайлбал зэсийн уурхайн талбайг тогтоохоос эхлээд хүлээлгэн өгөх хүртэлх шинэ төсөл хөгжүүлэх дундаж хугацаа өдгөө арваас дээш жил байгааг CRU өмнө нь тооцоолж байв.

    Бидний хувьд гол анхаарлаа хандуулах чиглэлүүд бол органик өсөлт, нийлүүлэлтийн өсөлтөөс гадна одоогийн үйлдвэрлэлийг нь худалдаж авахаас илүүтэй шинээр түншлэл үүсгэх боломжтой төслүүд байх юм. Хэдийгээр төслүүдийг шинээр хөгжүүлэхэд илүү өртөгтэй, цаг хугацаа их шаарддаг болж байгаа ч одоо байгаа уурхайг худалдан авахаас хямд хэвээр байна.

    Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Rio Tinto ирэх таван жилийн дотор зэсийн олборлолтоо 700 мянгаас нэг сая тонн болгож өсгөх зорилт тавьсан бөгөөд Монгол Улс болон АНУ-ын Юта муж дахь төслүүдийн тэлэлт нь энэхүү өсөлтийг жолоодох гол хүчин зүйлс байх юм. Ингээд тус компанийн өчигдөр танилцуулсан 2024 оны эхний улирлын тайлангаас Оюутолгойн онцлох үзүүлэлтүүд болон бусад анхаарал хандуулах үйл ажиллагаануудыг нь багцлан хүргэе.

    Оюутолгой эхний улиралд

    Rio Tinto-ийн олборлосон зэсийн хэмжээ эхний улиралд 156 мянган тонн буюу өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол ОТ-н зэсийн олборлолт энэ хугацаанд 8 хувиар өсөхөд гүний уурхайн олборлолт эрчимтэй үргэлжилсэн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд ОТ-н гүний уурхайгаас 1.3 сая тонн хүдэр гарган авсан бөгөөд зэсийн дундаж агууламж нь 1.67 хувьтай байжээ. Харин ил уурхайгаас 0.39 хувийн дундаж агууламж бүхий 9 сая тонн хүдэр олборлосон байна. Дээрх өсөлт нь компани 2028-2036 оны хооронд ОТ-н ил, далд уурхайгаас олборлосон зэсийн хэмжээгээ 500 мянган тоннд хүргэх төлөвлөгөөтэй нийцэж байгааг онцолжээ.

     

    Гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд Панель-0 хэсэгт өнгөрсөн улиралд 13 хүдэр буулгуур шинээр ашиглалтад оруулснаар нийт хүдэр буулгуурын тоо 99 болсныг онцолсон байна. Мөн агааржуулалтын 3 ба 4-р босоо амны нэвтрэлтийн гүн 1,076 метр ба 1,150 метрт тус тус хүрснийг дурджээ. Тэдгээр нь хоёул 2024 оны сүүлийн хагаст ашиглалтад орохоор байгаа аж. Мөн ОТ-н хоёр дахь анхдагч бутлуурын бүтээн байгуулалтын ажил 2023 оны XII сард эхэлсэн бөгөөд 2025 оны сүүлээр дуусах товтой байна.

    Төмрийн хүдэр ба гангийн эрэлт

    Тэгвэл Rio Tinto-ийн өөр нэг гол үйлдвэрлэл болох төмрийн хүдрийн нийлүүлэлт I улиралд өмнөх оны мөн үеэсээ 5 хувиар буурчээ. БНХАУ-д эдийн засгийн сэргэлт жигд бус, мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь уналттай хэвээр байгаа нь үүнд нөлөөлснийг компанийн зүгээс онцолжээ.

    Оны эхний гурван сард Rio Tinto компани 78 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь шинжээчдийн дундаж таамаг болох 79.1 сая тонноос бага дүн болсон байна.

    Орон сууцны зах зээлийн сунжирсан хүндрэл гангийн эрэлтэд сөргөөр нөлөөлж буйтай холбоотойгоор БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд өнгөрсөн сард гарцаа бууруулсан байна. Гуравдугаар сарын гарц 88.3 сая тонн байсан нь өмнөх оноосоо 7.8 хувиар буурсан үзүүлэлт болсныг БНХАУ-ын статистикийн товчоо мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих