Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улс “Дижитал өрсөлдөх чадвар”-аар өмнөх жилээс нэг эрэмбэ ухарч, 64 улсаас 63 дугаарт эрэмбэлэгдлээ. Үндсэн гурван бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээ таваар ахиулж 56 дугаарт, “Технологи” бүлгийн эрэмбэ нэгээр буурч, 61 дүгээрт эрэмбэлэгдэж, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр өмнөх хоёр жилийн эрэмбээ хадгалсан байна.
Харин “Эмэгтэй судлаачид” шалгуур үзүүлэлтээр нэгдүгээрт, “Ухаалаг гар утас эзэмшигч” шалгуур үзүүлэлтээр тавдугаарт, “харилцаа, холбооны салбарын хөрөнгө оруулалт” шалгуур үзүүлэлтээр 11 дүгээрт бичигдсэн нь сайн үзүүлэлт боллоо.
2022 онд Монгол Улсын “Дижитал өрсөлдөх чадвар”-ын оноо 45.25 байсан бол энэ онд 43.03 болж, 2.22 оноогоор буурчээ.
Дэлхийн “Дижитал өрсөлдөх чадвар”-ын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14 дүгээрт, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37 дугаарт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20 мянган ам.доллароос бага 24 улс хамрагдсанаас 23 дугаарт эрэмбэлэгджээ.
Харин АНУ 100 оноотойгоор эргэн жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. АНУ өнгөрсөн онд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол өмнөх жилүүдэд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Нидерланд улс дөрвөн эрэмбэ урагшлан хоёрдугаарт, Сингапур нэг эрэмбэ ахиж гуравдугаарт, өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлсэн Дани улс дөрөвдүгээрт бичигдэж байна.