
Зургийг: Scott Eells/Bloomberg
Хөрөнгө оруулагчид нэгэн томоохон асуулттай тулгараад байна. Хамгаалж тоглох уу, довтолж тоглох уу? Өөрөөр хэлбэл “S&P 500 Index” 5000-ын түвшин давсныг тэмдэглэн технологийн аваргуудын өсөлтийн давлагааг хөлөглөх, эсвэл зах зээлийн “мартагдсан” булангаас дахин сэргэхэд бэлэн харагдаж буй хэрэгслүүдэд мөнгөө хийх хоёр сонголт гарч иржээ.
ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЧУХАЛ
Гол санаа: Өнгөрсөн онд инфляц саарч, эдийн засаг хүндрэлүүдийг тэсвэрлэж, мөн хөрөнгө оруулагчид эрсдэл талаа илүү анхаарсан. 2022 онд сүүл мушгигчдын дийлэнх нь өнгөрсөн онд түрүү магнай боллоо. Энэ онд үүнтэй төстэй, гэхдээ тийм ч огцом бус шилжилт явагдаж магадгүй. Хувьцаануудад ээлтэй жил болох хүлээлттэй байгаа ч миний хувьд өнгөрсөн жил өсөлтөөрөө тэргүүлэгчдэд нэмж мөнгө хийхээс илүүтэй ханшийн савлагаа бага, ашгийг нь таамаглахад амар компаниудыг харна.
Стратеги: Инфляц, өсөлт хоёулаа тогтворжиж эхэлж байгаа тул хөрөнгө оруулагчид хэлбэлзэл бага, найдвартай өсөлт үзүүлж чадах компаниудыг илүүд үзэх магадлалтай. Хэдий тийм боловч нийтийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл зэрэг хамгаалалтын хувьцааг авах бус илүү өргөн хүрээнд, ул сууриараа хэлбэлзэл, эрсдэл багатай компаниудыг илүүд үзэх нь зүйтэй.
Том зургаараа: Бужигнасан дөрвөн жилийг өнгөрөөсний дараа бид цар тахлын өмнөх хэвийн үетэй төстэй орчинд орохоор байна. Энэ шилжилтийн үед найдвартай өсөлтөөр хангах компаниуд зах зээлд манлайлах шинжтэй.
УРТ ХУГАЦААНД ГЭВЭЛ ЗЭС
Стратеги: Дотоодын компанийн бондуудын өгөөж 18-20 хувь гэдэг бол маш өндөрт тооцогдоно. Мөн хүү буурвал бондын үнэ ханшид эерэг нөлөө үзүүлдэг хамааралтай тул багцынхаа 50 хувийг бондоор бүрдүүлэх хэрэгтэй. Мөн дотоодын хувьцаанаас өөрийн хөрөнгийн өгөөж болон үнэ, дансны үнийн харьцаагаар нь шүүж, хямдаар үнэлэгдсэн хувьцааг олж, багцынхаа 20 хувийг бүрдүүлж болно.
Харин урт хугацааны хөрөнгө оруулалтад зэс олборлогч компаниудын хувьцаанаас авахыг зөвлөе. 2023 онд зэсийн үнэ тогтвортой байсан нь БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай холбоотой. Ирэх 10 жилд хамгийн өндөр эрэлттэй байх түүхий эдийн нэг нь зэс бөгөөд олборлогч компанийн хувьцаанд хөрөнгө оруулах замаар өгөөж олж болно.
Том зургаараа: Монгол Улсын хувьд 2024 онд эдийн засаг, мөнгөний нийлүүлэлт өндөр өсөлттэй, оны хоёрдугаар хагаст инфляцын дарамт нэмэгдсэн жил болох хүлээлттэй байна. Төсвийн зардлын тэлэлтээс инфляцад үзүүлэх нөлөөг мөнгөний бодлогоор саармагжуулж байгаа тул Монголбанк бодлогын хүүг дорвитой бууруулах боломжгүй харагдаж байна. Харин зах зээл дэх мөнгөний хэмжээ нэмэгдсэнээр зээлийн хүү болон бондын хүү бага зэрэг буурах боломжтой. Ам.долларын ханш сонгуулийн дараа өсөх төлөвтэй ч жилийн дүнгээр таван хувиас илүү өсөх магадлал бага харагдаж байна.
ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН СЭРГЭЛТ
Гол санаа: Хөгжиж буй орнуудын хувьцааны өсөлтийн потенциал бидний олон жилийн турш хараагүй сайн түвшинд ирээд байна. Түүхэн доод цэгтээ хүрсэн үнэ, АНУ-тай харьцуулахад өндөр өсөлтийн хувь, мөн бодлогын хүү буурах хүлээлттэй энэ нь холбоотой.
Стратеги: “MSCI Emerging Markets Index”-т БНХАУ-ын эзлэх жин 2020 оны эцэст 39 хувь байснаас 2023 оны эцэст 27 хувь болж буурснаас харвал хөгжиж буй орнуудын зах зээлд БНХАУ болон тус улсын цахим салбарын томчууд ноёлохоо больжээ. Энэхүү зах зээлийг бүрдүүлэгч орнууд илүү тэнцвэртэй болсноор хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэж байна. Энэтхэг, Тайвань, Персийн булангийн орнуудын зах зээлд арилжааны хэмжээ нэмэгдэж байгаа нь гүйлгээний өртгийг бууруулж, бага үнэлгээтэй хувьцааны хүртээмжийг ч сайжруулах болов.
Том зургаараа: Холбооны Нөөцийн банк 2024 онд бодлогын хүүгээ бууруулбал өгөөжийн муруй хэвийн болж, дэлхий даяар хөрвөх чадвар сайжирч, ам.долларын ханш суларч эхэлнэ. Түүхээс үзвэл эдгээр бүгд нь хөгжиж буй орнуудын хувьцаанд сайны дохио болдог.
ХЭТ ЗАРАГДСАН БҮСЭЭС ХАЙ
Гол санаа: Болгоомжоо хадгалах нь зөв. АНУ-ын хувьцаануудын үнэлгээ хэт өндөр, мөн Засгийн газрын богино хугацаатай бонд зэрэг эрсдэл багатай хэрэгслүүд өгөөж сайтай хэвээр байна. Хэдий тийм боловч зүгээр л хамгаалалтын хувьцаа авахын оронд сүүлийн өсөлтийн гадна үлдсэн, эсвэл хэт их зарагдсанд тооцогдож буй бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөнө.
Стратеги: Бидний санал болгож буй хэрэгслүүдийн хоёр нь хамгаалалтын хувьцаа байна. Нийтийн үйлчилгээ ба хүнс, ус, ундаа үйлдвэрлэл. Хэрэв инфляц үргэлжлүүлэн саарч, бодлогын хүү буурвал аль алинд нь ашигтай байх юм. Харин Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, оны эцсээр ам.доллар суларвал хөрөнгө оруулалтаа илүү адал явдалтай болгож болох юм. Магадгүй хөгжиж буй орнуудын хувьцааны ETF авч болно.
Том зургаараа: Томоос жижиг рүү чиглэсэн стратегиар харвал 2023 он хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхэд үнэхээр тааламжгүй жил байлаа. Хиймэл оюунтай холбоотой АНУ-ын технологийн компаниудад хөрөнгө оруулах нь ганц сонголт байсан гэхэд болно. 2024 он гарсаар эдгээр трендүүд ерөнхийдөө үргэлжилж байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com