logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Владимир Путины үеэл дүү ОХУ-ын Батлан хамгаалах яаманд ид мандаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 23 15:58
    1264

    Alexander Koriakov/Kommersant/Sipa/AP Photo

    Цивилёва ЗГ-ын албан тушаалыг Оросын удирдагчаас олны өмнө ил хүлээн авсан анхны хамаатан нь юм.

    ОХУ-ын Батлан хамгаалах яаманд шинээр тодорч буй албан тушаалтан Анна Цивилёва мөсөн гулгуурын талбай барьж, орон нутгийн иргэдийг тайвшруулсан тул нүүрс олборлогч нэгэн компанийг дампуурлаас аварч байсан тухайгаа нэгэнтээ ярьж байсан. Харин түүнд саяхан тэшүүрээр гулгаж сурсан, хоккейн спортод нугасгүй нэгэн хамаатан байдаг гэдгийг тэрбээр хэлэлгүй үлдээжээ. Тэр хүн бол Владимир Путин.

    Өдгөө В.Путины ойрын хүрээлэл дунд нэр нөлөө нь өсөн нэмэгдсээр буй Цивилёва ЗГ-ын албан тушаалыг Оросын удирдагч ахаасаа олны өмнө ил хүлээн авсан анхны хамаатан нь юм. Путины талийгаач үеэлийн охин тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоныг Кремльтэй ойр албаны хүмүүс мэдээлсэн юм. Үүнээс ердөө хоёр сарын өмнө буюу зургаадугаар сард түүнийг тус яамны Дэд сайдаар томилоод байлаа.

    Энэ жил 52 настай Цивилёва Батлан хамгаалах яамны дээд албан тушаалтнуудаас илүү чөлөөтэй, эрх дархтайгаар Путинтай харьцах боломжтой тул Оросын нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэнд тооцогдох болсныг нэрээ нууцалсан Кремлийн албаныхан хэлж байлаа. Цивилёва Путинтай ганцаарчилсан уулзалт хийх хэмжээний нэр нөлөөтэй, албан бус арга хэмжээ, үдэшлэг дээр түүнтэй мөр зэрэгцэн зогсох хэмжээний ойр дотно гэдгийг тэд мөн хэлж байв. Улам ганцаардах болсон Оросын Ерөнхийлөгчид ч энэ нь их үнэ цэнтэй болохыг ч дурдсан байна.

    Энэ сард Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэр рүү цөмөрсөн нь Кремлийн хувьд ичгэвтэр хэрэг болсон. 2022 онд эхэлж өдгөө гурав дахь жилдээ өрнөж буй дайнаа Путин цааш үргэлжлүүлэхийн тулд итгэлт зөвлөхүүдээ түших болжээ. Путины хувийн бие хамгаалагч асан, одоо Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Дюминд тэрбээр Курск мужаас Украин цэргүүдийг гаргах ажиллагаанд хяналт тавихыг даалгаж, өөрийн харах нүд, сонсох чихээ болгожээ. Украины энэхүү давшилт Дэлхийн II дайнаас хойш Оросын газар нутгийг гадаад улс хяналтдаа оруулсан анхны тохиолдол болсон байна.

    В.Путин тавдугаар сард Батлан хамгаалахын сайдаар удаан хугацаанд ажилласан Сергей Шойгуг огцруулж, түүний оронд өөрт нь үнэнч зүтгэдэг, технократ эдийн засагч Андрей Белоусовыг томилон, төсвийн зардал асар өсөж байсан тухайн үед Оросын зэвсэгт хүчний үйл ажиллагааг үр ашигтай болгох үүрэг өгчээ.

    Бямба гарагт Путин Цивилёваг Төрийн нарийн бичгийн албанд томилсноор эрх мэдэл нь улам л өсөв. Цивилёва өмнө нь цэргүүдийн сууц, нийгмийн үйлчилгээг хариуцан ажилладаг байсан бол одоо цэргийн бүхий л хууль тогтоомжийг Батлан хамгаалах яамнаас Парламентад хүргэдэг элч нь болж, тус яамны нүсэр тогтолцоог хянах болжээ. 

    Украинд шахалт үзүүлж буй Путинд Цивилёва өөрийгөө хэрэгтэй хүн хэмээн батлан харуулж чадсанаар түүний мандалт эхэлсэн юм. Путин дайнд оролцож буй цэргүүдэд тусламж үзүүлэх төрийн шинэ санг удирдах албанд өнгөрсөн жил Цивилёваг томилоход тэрбээр Ерөнхийлөгчид үнэлэгдэж чадсан байна. Мөн үүнээс ч өмнө түүний нөхөр Сергей Цивилёв 2018 оноос хойш мужийн дэд захирагч хийж, хожим нь нүүрс олборлолтын гол бүс нутаг Кемерово мужийн захирагчаар ажиллахад Анна Цивилёва өндөр сэтгэгдэл төрүүлж чаджээ.

    “Мэдээж Путин түүнийг нэлээд чадварлаг гэж дүгнэдэг учраас албан тушаал ахиулсан. Тэрбээр нөхөртэйгөө хамтран Кемерово мужийг маш үр дүнтэй удирдаж, голдуу эерэг үнэлгээ авсан байсан” хэмээн Кремльд ажиллаж байсан улс төр судлаач Евгений Минченко өгүүлж байлаа.

    Орост одоо хориглогдсон “Proekt Media” мэдээллийн агентлаг Цивилёвагийн гэр бүл ба Путины хоорондох холбоо сүлбээг эрэн сурвалжилж, мэдээлж байжээ. Энэ жил 71 нас зооглож буй Путин гэр бүлийнхээ талаар нийтэд ярьдаггүй. Тэр ч бүү хэл насанд хүрсэн хоёр охин нь үе үе ажлын шугамаар явахдаа хэвлэл мэдээллийнхний дуранд өртдөг ч тэдний талаар огт үг цухуйлгаж байгаагүй. Хэдий тэрбээр төрөл саднаа сайтар харж үзэж, төрд өндөр албан тушаал хашуулах, эсвэл компанийн хувьцаа эзэмшүүлэн тогтвортой орлоготой болгож байсан ч тэд олны нүдээс ихэвчлэн далд байсаар ирсэн юм.

    Гэтэл одоо цаг өөр болж, Путин холын үеэлээ Батлан хамгаалах яамны олон нийттэй харилцдаг, дээд түвшний албан тушаалд, нөхрийг нь Эрчим хүчний сайдаар томилжээ. Путин 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход Цивилёва Оросын төв хэсгийн нэг даржин хотод сэтгэцийн эмчээр ажиллаж байв. 2012 онд тэрбээр нөхрийн хамт “MC Kolmar” хэмээх дунд хэмжээтэй нүүрсний компанийн дийлэнх хувьцааг худалдан авчээ. Тэгээд төд удалгүй мөсөн гулгуурын талбай байгуулсан нь Путин хоккей тоглох дуртайгаараа олны анхаарлыг татаж, Оросын домогт тоглогчдын эсрэг гоол оруулж байсан үетэй нь давхацжээ.

    Ингээд Засгийн газраас тус бүсэд тусламж дэмжлэг үзүүлж, тээвэр, эрчим хүчний дэд бүтцэд нь хэдэн зуун тэрбум рублийн хөрөнгө оруулжээ. Цивилёвагийн гэр бүлийн эзэмшдэг компани нэмээд хоёр ч шинэ уурхай байгуулах ажилдаа орсон байна. 2023 онд армийг дэмжих төрийн сангийн төсөв 2.4 тэрбум рубль (26.3 сая ам.доллар) байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин тус санд 18 тэрбум рубль олгох амлалт өгчээ. Энэ сангийн үйл ажиллагаагаараа Цивилёва Путинд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Хэдэн жилийн өмнө тэр хоёрын сонирхол мөсөн гулгуурын талбай дээр огтлолцож байсан бол одоо дайны төсөл дээр ижил зорилготой байгаа нь харагдсан аж.

    Дайчин зан чанартай Цивилёва Батлан хамгаалах яамтай заргалдаж, зөвхөн фронтоос эргэж ирсэн цэргүүд болон амь үрэгдсэн цэргийн ар гэрийнхэнд гэж ялгалгүйгээр Украинд тулалдаж буй бүхий л цэрэгт сангаас нөхөн төлбөр олгохоор зөвшөөрүүлж байв.

    Өдгөө түүний улс төрд эзлэх байр суурийг хэвлэл мэдээллийн мэдрэмжтэй байдал нь улам хүчитгэж байна. Тэрбээр өөрийн гэсэн Telegram сувагтай болсон Батлан хамгаалах яамны анхны албан тушаалтан болсны сацуу телевизээр байнга гардаг болжээ.

    “Түүний ирээдүй гэрэлтэй байна” хэмээн Минченко өгүүлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих