
Зургийг: Bloomberg
Зах зээлийн шинжээчийн хийдэг ажлыг хиймэл оюунаар гүйцэтгүүлдэг гарааны хедж сан зургаан сарын хугацаанд хүртээсэн өгөөжөөрөө дэлхийн хувьцааны зах зээлийн өгөөжийг давжээ.
Сиднейд төвтэй “Minotaur Capital”-ийг Армина Розенберг, Томас Райс нар үүсгэн байгуулсан байна. Армина Розенберг өмнө нь “JPMorgan Chase” банканд шинжилгээ хийж өгөхийн сацуу технологийн салбарын тэрбумтан Майк Кэннон-Брүксийн хөрөнгө оруулалтын багцыг удирдан зохицуулдаг байжээ. Харин Томас Райс “Perpetual Ltd.” компанид хөрөнгө оруулалтын багцын менежерээр ажилладаг байв.
Нэгдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаанд тэдний олон улсын хувьцаануудад хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж 13.7 хувь байсан байна. Харьцуулбал “MSCI All-Country World Index”-ийн ижил хугацааны өгөөж 6.7 хувь байгаа юм. “Minotaur Capita”l нь шинжээч ажиллуулдаггүй бөгөөд хиймэл оюун ашиглах нь хамаагүй хурдан, зардал багатай болохыг өдгөө 37 настай Армина Розенберг онцолж байлаа. Тодруулбал: туслах шинжээчийн цалинтай харьцуулахад хиймэл оюуны ашиглалтын зардал нь 50 гаруй хувиар бага байгаа аж.
Өдөрт 5000 мэдээ
Улам боловсронгуй болж буй хиймэл оюуны технологиор өгөөжөө нэмэгдүүлэх, зардлаа танах туршилт хийж эхэлсэн хедж сангуудын нэг нь “Minotaur Capital” юм. Хэдий тийм боловч хиймэл оюун суурьтай модель урт хугацаандаа өндөр дүнтэй өгөөж хүртээж чадах эсэх нь маргааны сэдэв байсаар байна.
“Minotaur Capital” нь дэлхий даяар бүртгэлтэй бүхий л хувьцааг шүүж, нэлээн өргөн хүрээнд ажилладаг байна. Тус сангийн хөгжүүлсэн их хэлний модель өдөрт 5000 мэдээ уншиж, ямар ч хувьцаа дээр ойролцоогоор 2000 үгтэй шинжилгээний тайлан гаргаж өгөх чадалтай аж. Үүгээр зогсохгүй гурван жилийн дараа хүчин чадал нь хоёр дахин, 10 жилийн дараа 10 дахин өсөх бололцоотой гэж тэд үзэж буй.
Үйлчилгээ үзүүлэхдээ “Minotaur Capital” сан аливаа ашгаас 1.5 хувийн менежментийн төлбөр, 20 хувийн гүйцэтгэлийн төлбөр авдаг. Сан 2025 оны эцэс гэхэд 31 сая ам.долларын хөрөнгө удирдах төлөвтэйг Армина Розенберг мэдээлжээ.