
Зургийг: Bloomberg/CFOTO/Future Publishing/Getty Images
БНХАУ-ын жуулчид энэ онд 938 тэрбум ам.доллар буюу 6.79 их наяд юанийн орлогыг дотоодын эдийн засагтаа оруулж, шинэ дээд үзүүлэлт тогтоохоор байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл, “Oxford Economics”-ийн хамтарсан судалгаа харууллаа. Мөн дотоодын аялагчдынх нь зарцуулалт цар тахлын өмнөх 2019 оныхоос 11 хувиар өндөр байх төлөвтэй байгааг тооцоолсон байна.
Дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлтөд БНХАУ-ын аялагчид чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2019 онд хятад жуулчид хилийн чанадад давхардсан тоогоор 170 сая удаа зорчиж, нийт 248 тэрбум орчим ам.доллар зарцуулжээ. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын салбарын нийт зарцуулалтын 14 хувийг бүрдүүлсэн байна.
АНУ зэрэг улсад виз мэдүүлэхэд хүндрэлтэй, олон улсын нислэгийн тийзийн үнэ өндөр байгаа нь хятад аялагчид гэрийнхээ ойр аялахыг эрхэмлэхэд нөлөөлжээ. Тэр дундаа олон хүн зочилдог алдартай аялал жуулчлалын газруудаас зайлсхийж, жижиг хот тосгодод зочлох “урвуу чигтэй аялал”-ыг илүүд үзэх болсон байна.
Харин БНХАУ-ыг зорих олон улсын жуулчдын тоо нэмэгдээгүй хэвээр байгаа аж. Энэ онд Эх газрын Хятад дахь гадаад жуулчдын зарцуулалт 715 тэрбум юань байх тооцоололтой байгаа нь 2019 оныхоос 25 хувиар бага дүн болж байна. БНХАУ цар тахлын дараа хамгийн сүүлд шахам хилээ нээсэн тул тус улсыг чиглэсэн нислэгүүд хараахан бүрэн сэргээгүй байгаа юм.

Сүүлийн саруудад БНХАУ-ыг чиглэсэн аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Тайланд, Малайз, Сингапур, Европын зарим улсын жуулчид, мөн аяллын хөлөг онгоцны зорчигчдод тус улс визийн хязгаарлалтаа сулруулаад байна. БНХАУ 2023 оны долоодугаар сараас хойш 11 улсад визийн нөхцөлөө сулруулсан талаар энэ оны эхэнд мэдээлж байсан юм.
Өнгөрсөн онд 82 сая жуулчин БНХАУ-ыг зорин ирсэн нь 2019 оны үзүүлэлтийн 56 орчим хувьтай тэнцэж буйг тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлж байлаа. Хонконг, Макаогийн гаднах бүсээс ирсэн жуулчдын тоо 13.8 сая хүрсэн нь цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтээс 57 хувиар бага байжээ.
Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг суларч, иргэдийн жижиглэн худалдааны зарцуулалт бага байгаа ч тус улсын аялал жуулчлалын салбар хамгийн өндөр зарцуулалттай хэвээр байгааг “Morgan Stanley” мэдээллээ. Мөн энэ онд тус улсын аялал жуулчлалын салбар 80 сая ажлын байр бий болгоод буй нь 2019 оныхоос хоёр орчим хувиар бага дүн болсныг тайландаа тусгажээ.