logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын технологийн салбарт “гал асаж”, Alibaba-ийн үнэлгээ II сар гарсаар $123 тэрбумаар өсөөд байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 24 15:11
    495

    STR/AFP/Getty Images

    Дэлхийн зах зээлийн 2025 оны хамгийн том сюрприз нь одоогоор Хятадын технологийн салбар болоод байна. Бүгд зарж байхад авч чадсан хүнийг боломж үргэлж ивээдгийн ээлжит сануулга нь энэ боллоо.

    Сэргэлтийн түүх

    Хонконгт арилжаалагддаг Хятадын хувьцаануудыг дагадаг Hang Seng Tech Index Баасан гарагт 6.5 хувиар өссөн нь 2022 оны эхэн үеэс хойших хамгийн огцом өсөлт болов. Он гарсаар тус индекс 31 хувь өсөөд буй нь яах аргагүй онцгой үзүүлэлт.

    Сүүлийн арилжааны өсөлтийг Alibaba түүчээлж, борлуулалтын орлого нь төсөөлөл давсныг тайлагнасны дараа хувьцаа нь 15 хувиар цойллоо. Санаснаас сайн орлоготой ажилласан Bilibili, Lenovo компаниудын хувьцаа мөн дээшилсэн. Эх газрын Хятадын зах зээлийг харвал хиймэл оюунт чип үйлдвэрлэгч Cambricon Technologies-ийн хувьцаа 20 хувиар өсөж, өдрийн дээд хэмжээнд тулсан байна.

    unnamed (51).jpg

    Хятадын төрийн зохицуулалт чангарч, эдийн засаг нь удааширч, АНУ-тай зөрчил нь хурцадсанаар хөрөнгө оруулагчид энэ салбарт бараг л бууж өгөөд байлаа. Hang Seng Tech Index-ийн үнэлгээ 2021 онд хүрч байсан оргил цэгээсээ бараг 70 хувиар буурч, 2022 оны X сард ёроолдоо хүрч байв. Харин өнгөрсөн IX сард БНХАУ-ын эрх баригчид эдийн засагтаа итгэл найдвар эргүүлэн авчрахын тулд санхүү, зах зээл, макро эдийн засгийн хэд хэдэн дэмжлэгийн арга хэмжээ танилцуулснаар хөрөнгө оруулагчид Хятадын технологийн салбарыг шинээр харж эхэлсэн юм.

    Эндээс үүдсэн өсөлт яваандаа бага зэрэг бөхсөн ч I сарын дундуур дахин сэргэв. Дотоодын хиймэл оюуны стартап DeepSeek-ийн ололт амжилт нь тус улсын цахим технологийн тэргүүлэх компаниудын огцом өсөлтийн замыг засаад байна. Мөн саяхан Ерөнхийлөгч Ши Жиньпин Alibaba-ийн хамтран үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй захирлуудыг хүлээн авч уулзсан нь Бээжингээс тус салбараа илүү зөөлөн бодлогоор дэмжихийн эхлэл гэсэн найдлага төрүүллээ.

    Alibaba эргэн хөлөө олжээ

    Яг одоо Alibaba-ийн өдөр, хоногууд үргэлжилж байна. Хятадын технологийн хувьцаануудын өсөлт, хиймэл оюуны шинэ бүтээгдэхүүнүүд, мөн Жак Ма Бээжинтэй “эвлэрсэн” нь компанийн зах зээлийн үнэлгээ II сард 123 тэрбум ам.доллароор өсөхөд дэм болжээ.

    XII сараар эцэслэгдсэн улиралд Alibaba-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 8 хувиар өсөж, 38.6 тэрбум ам.долларт хүрэхэд гол хоёр бизнес нь болох цахим худалдаа, үүлэн технологийн үйлчилгээний орлого нөлөөлжээ. Мөн цэвэр ашиг нь 333 хувиар өсөж, 6.3 тэрбум болсон байна.

    unnamed (52).jpg

    Үүнээс гадна компани ирэх гурван жилд хиймэл оюуны дэд бүтцийн зарцуулалтаа дорвитой нэмэгдүүлэхээ зарлаж, улмаар Баасан гарагт Alibaba-ийн хувьцааны ханш Хонконгийн биржид 15 хувиар өслөө. “Ерөнхий хиймэл оюун” буюу AGI нь тэдний “тэргүүн зорилт” байхыг компанийн Гүйцэтгэх захирал Эдди Ву мэдээлсэн. Дата төв зэрэг хиймэл оюуны дэд бүтцэд тус компани 380 тэрбум юань буюу 53 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж

    Түүнчлэн хувьцааны өсөлтийг дагаад Жак Магийн хөрөнгийн хэмжээ нэг өдрийн дотор 947 сая ам.доллароор өсөн 41 тэрбумд дөхсөнийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Сүүлийн гурван жилд анх удаа түүний хөрөнгө 40 тэрбум ам.долларын босгыг давсан нь энэ юм.

    Хэдийгээр компанийн хувьцаа энэ сард 60 орчим хувиар өсөөд байгаа ч 2020 оны оргил түвшнээсээ 50 гаруй хувиар доогуур байгаа нь уг өсөлт үргэлжлэх орон зай хангалттай байгааг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих