logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлдөг алдаагаа давтсаар байх уу
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 03 11:30
    332

    Зургийг: С.Батсайхан

    Сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, түүний дийлэнхэд нь анх баталсан орлогоо бууруулж байв

    Tөсвийн орлогын хэт өөдрөг төсөөлөл нь алдагдалд хөтөлсөөр ирснийг сүүлийн хэдэн жилийн статистик харуулж буй. Тэгвэл өдгөө өргөн баригдаад буй ирэх жилүүдийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд мөн л орлогын хэт өөдрөг, амбицлаг төсөөлөл тусгасныг эдийн засагчид тодотгож байна.

    Биет хэмжээ ≠ Орлого

    Нэгдсэн төсвийн 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд ерөнхийдөө өнгөрсөн жил болон энэ оны эхний улирлын эдийн засгийн сайн өсөлт ойрын хугацаанд хадгалагдана гэж тооцоолж, зарлагыг 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлжээ.

    Харин экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний тухайд энэ жил 78 сая тонн, ирэх жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонныг экспортлохоор Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна.

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлөх нь эрсдэлтэй, нэг салбараас хэт хамааралтай эдийн засгийг дэмжиж, зарлагыг өсгөж болохгүй гэж үзэж байна. Төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аас доош хувьд байлгах шаардлагатай ч өнөөгийн нөхцөл байдлаар тооцож үзвэл энэ тоо 40 хувьд хүрч байгаа аж.

    Иймд Олон Улсын Валютын Сан, НҮБ зэрэг байгууллагуудын өмнөх онд өгч байсан зөвлөмжүүдийн нэгэн адил гадаад дотоодын эрсдэл өндөр байгаа эрсдэлийг харгалзан үзэж, орлого нэмэгдэж байгаа үед хуримтлуулах чиглэлээ барих нь зүйтэйг онцолжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын экспортын орлого 15.2 сая ам.доллароор өссөн нь экспортын хамгийн өндөр өсөлт байх магадлалтай бөгөөд энэ онд үүнийгээ давтаж чадах эсэх нь эргэлзээтэйг Эдийн засагч Н.Энхбаяр хэлж байлаа.

    Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй байна. Уул уурхайн ердөө 2-3 нэр төрлийн түүхий эд л эдийн засгийн өсөлтийг хадгалж байна. Хэдийгээр нүүрсний экспортын биет хэмжээ өсөж байгаа ч үнээс хамаараад орлого нь буурч байгаа. Оны эхний дөрвөн сарын байдлаар экспортын орлого 30 сая ам.доллароор буурсан.

    Гаалийн статистикт бүртгэгддэг биет хэмжээ бол гадаад худалдааны үзүүлэлт. Төв банканд очоод төлбөрийн тэнцэл болохдоо биет хэмжээ огт хамаагүй, зөвхөн мөнгөн дүнгээр л бүртгэгддэг. Тэгэхээр биет хэмжээний өөдрөг төсөөллөөр цаашдын орлогын төсөөллөө гаргаад байна.

    Сахилга бат нэгдүгээрт

    Макро эдийн засгийн тогтвортой байдал болон өрийн тогтвортой удирдлагыг хангахад төсвийн сахилга бат нэн чухал болохыг эдийн засагчид үргэлж сануулсаар ирсэн. Монгол Улс одоогийн төсвийн бодлогоо өөрчлөхгүй байснаар улсын гадаад өрийн хэмжээ дунд хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас давах төсөөллийг ОУВС хэдхэн сарын өмнө гаргаж байв.

    Сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, түүний дийлэнхэд нь анх баталсан орлогоо бууруулж байсан статистик бий. УИХ-д өргөн мэдүүлсэн аливаа төсвийн төслийг хэлэлцэх явцад шинээр төсөл нэмэх шаардлагатай бол Үндэсний аудитын газраас төлөвлөлтийн шаардлагад нийцэж буй эсэхэд нь дүгнэлт гаргадаг байх шаардлагатайг мөн Нээлттэй нийгэм форум хөнджээ.

    Төсвийг төлөвлөхдөө Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан төсвүүд оруулах хэрэгтэй байна. Орлогын төсөөллөө илүү бодитой гаргаснаар зарлагын төлөвлөлтөө сайжруулах, нэн шаардлагатай бүтээн байгуулалтуудаа эн тэргүүнд хэрэгжүүлэх боломжтой болно.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих