
Энэ онд дэлхий даяар бодлогын хүүгийн буурах цикл давамгайлж, Төв банкнуудын бодлогын хүү нийт 128 нэгж хувиар буурахаар байгааг “Bloomberg Economics” тооцоолжээ. Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк, мөн Монголбанк инфляц тогтвортой буурах замдаа бат орсон эсэхийг нягталж, өнгөрсөн оны дунд үеэс хойш бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалж байна. 2022 оноос эхэлсэн энэхүү өсөлтийн циклийн нөлөөлөл хаана, хэрхэн очиж байгааг товчхон дүгнэвэл...
Нөлөөлөл удаж гарна
Мөнгөний бодлогын хэрэгсэл нь эдийн засгийн идэвхжил, инфляцад тодорхой хугацааны хоцролттой нөлөөлдөг ч энэ онд төсөв 20 орчим хувиар тэлж, инфляцыг дахин хөөргөдөх эрсдэлтэй байгаа нь Монголбанк өнгөрсөн оны бодлогын хүүгээ 13 хувьд барьж, энэ онд ч үргэлжлүүлэн харзнаж буйн шалтгаан. Төсвийн тэлэлт, тодотгол нь инфляц, дотоодын эрэлтэд хараахан нөлөөлж эхлээгүй, мөн нөлөөлөл нь хаана саармагжих тодорхойгүй байгаа нь Төв банканд “эртэдсэнээс хожимдсон нь дээр” гэх бодлогыг баримтлах шаардлага үүсгэжээ.
Байгууллагын зээл олголт эрс саарсан нь хүүгийн өндөр түвшний эхний нөлөөлөл болж байна. 2023 оны эцсийн байдлаар иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оноос 32.4 хувиар өссөн байхад байгууллагад олгосон зээлийн өсөлт 13 хувь байжээ.
Монголбанкны зорилтот түвшин рүү орж саараад байгаа инфляц цаашид тогтворжвол энэ ондоо багтаан бодлогын хүүгээ 1-2 нэгж хувиар бууруулах орон зай бийг дотоодын болон олон улсын шинжээчид хэлж байна. Мөн инфляцын бүтцийг харвал уламжлалт мөнгөний бодлогоор шийдэхэд хэцүү зүйлс бас бий аж. Нийлүүлэлт, зардлын шалтгаантай, Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн өсөлтөөр өдөөгдсөн инфляцын эсрэг бодлогын хүүгээр тэмцэнэ гэдэг бодох л асуудал гэдгийг Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болд анхааруулж байлаа.
“Монголын мөнгөний бодлогын шилжих механизм нь бусад орнуудтай харьцуулахад тийм ч хүчтэй нөлөөтэй байдаггүй. Учир нь Монголд олон зээлийн хөтөлбөрүүд байдаг. Мөн ипотекийн зээлийн дундаж хүү нь эрсдэлгүй хүүгийн түвшнээс бага. Тэгэхээр бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх нөлөө бага зэрэг хязгаарлагдмал” хэмээн “Fitch”-ийн шинжээч Крисжанис Крустинс ярилцлагадаа онцолж байсан юм.
“Fitch” агентлагийн төсөөллөөр Монгол Улсын инфляц энэ онд найм орчим хувьд, ирэх онд долоо орчим хувьд тогтворжиж, оны эцсээр зургаан хувь руу буурахаар байна. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ энэ онд 200 орчим суурь нэгжээр, ирэх онд мөн 200 суурь нэгжээр бууруулах буюу Холбооны Нөөцийн банкнаас илүү хурдацтай бууруулж магадгүй гэж үзжээ.
Бодлогын өндөр хүү дэлхийг хэрхэн өөрчилж байна?
Инфляцыг оруулж тооцвол бодит утга нь сөрөг бодлогын хүүгийн мөчлөгт бид олон жил амьдарлаа. Ийм үед хадгаламж эзэмшигчид бус зээлдэгчид илүү өгөөж хүртдэг. Харин одоо энэ нь эсрэгээрээ эргэж, хадгаламж эзэмшигчдийн өгөөж эерэг үзүүлэлттэй болж байна. Шинээр зээл авч буй хэн бүрд өртөг хүнд тусна. Гол нь энэ Засгийн газруудад ч хамаатай. Хөгжиж буй олон орнууд бодлогын хүү өсөж эхлэхээс ч өмнө өрийн үйлчилгээний дарамтад орчихсон байсныг санах хэрэгтэй.
Хүмүүсийн дийлэнх нь жижиг компаниудад ажиллаж байгаа. Мөнгөний бодлого чангарах тусам нөлөөлөлд нь өртөх жижиг компаниудын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулалт болон ажиллах хүчид нь нөлөөлөх болно. Хэдий тийм боловч энэ нь ажилгүйдлийн түвшин огцом өснө гэсэн үг биш. Бодлогын хүү маш доогуур, эсвэл 0-тэй тэнцүү үе эргэн ирвэл би лав гайхна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх үеэс арай бага, инфляц арай өндөр байх нь цаашид хэвийн байдал болохоор байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com