
Зургийг: Levi Mandel for Bloomberg Businessweek
"Cognition AI" хэмээх компанийн талаар та огт сонсож байгаагүй байх. Учир нь тус компани дөнгөж хоёр сарын өмнө л албан ёсоор бүртгэгджээ. 10 хүний бүрэлдэхүүнтэй, Гүйцэтгэх захирал Скотт Вугийн удирдсан “Cognition AI” компани венчур капиталын “Peter Thiel’s Founders Fund” болон бусад нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас аль хэдийн 21 сая ам.доллар татан төвлөрүүлээд байгаа аж.
“Cognition AI”-ийн гол нээлт нь “Devin” хэмээх хиймэл оюунт туслах юм. “Devin” нь бусад туслахууд шиг ердийн код бичилтийн зөвлөмж өгөх, зарим үүрэг даалгаврыг автоматаар гүйцээхийн оронд вэбсайт, видео тоглоом зэрэг программ хангамжийн бүхэл бүтэн төслийг өөрөө бие даан гүйцэтгэж дуусгах чадвартайгаараа онцлог аж. Ийнхүү ажиллах явцдаа “Devin” гүйцэтгэж буй бүх даалгавруудаа тодорхой харуулж, алдаануудыг өөрөө илрүүлээд засаж, бичигдсэн кодыг өөрөө тестэлдэг.
Тухайлбал: "Манай хотод байдаг бүх солонгос хоолны рестораныг танилцуулсан вэбсайт хий" гэсэн даалгавар өгөхөд тус программ ресторануудын мэдээлэлд хайлт хийж, хаяг болон холбогдох мэдээллийг олоод, дараа нь тэр бүхнийг нэгтгэсэн вэбсайт бэлэн болгож цахим орчинд байршуулна гэсэн үг юм.
"Cognition AI"-ийг үүсгэн байгуулагчид нь Скотт Ву, мөн Технологи хариуцсан захирал Стивен Хао, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Уолден Ян нар юм. Стивен Хао нь саяхныг хүртэл хиймэл оюун сургалтын өндөр үнэлгээтэй стартап "Scale AI"-д тэргүүлэх инженерүүдийн нэгээр ажиллаж байжээ.
Тус компанийн мэдэгдэж буйгаар “Devin”-ийг бүтээснээр хүрсэн хамгийн том амжилт нь компьютерын логик сэтгэхүйг сайжруулсан явдал аж. Хиймэл оюуны салбарт логик сэтгэхүй гэдэг нь систем өгүүлбэр дэх дараагийн үгийг тааварлах, эсвэл кодын дараагийн мөрийг нөхөхөөс цаашилж, асуудлыг шийдвэрлэх илүү рациональ, оновчтой арга замыг эрэлхийлж, сэтгэн бодох чадварыг хэлдэг байна.
"Программ бичих чадварыг хиймэл оюунд сургах нь үнэндээ нарийн төвөгтэй шийдвэр гаргаж, ирээдүйн хэд хэдэн алхмаа урьдчилан харж зөв зам сонгохыг системээс шаарддаг маш гүнзгий алгоритмын бодлого болдог" хэмээн Скотт Ву онцолж байна.