
Зургийг: Allison Robbert/AFP/Bloomberg
Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа тангаргаа өргөж, Цагаан ордонд эргэн очих гэж буй Дональд Трамп сүүлийн өдрүүдэд хэрээс хэтэрсэн мэдэгдэл хийж, “тролл”-дох нь эрс нэмэгдээд байна. Ирэх дөрвөн жилийн тааварлашгүй байдал, тарифын эрсдэлд бэлтгэж буй зах зээлүүд, бизнесүүд, улс орнуудад түүний энэ үйлдэл тус болохгүй нь лавтай.
Холбоотнуудаа айлгав
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Канадыг 51 дэх мужаа болгохыг уриалж, Панамын суваг болон Гренландыг цэргийн хүчээр булаан авах боломжийг үгүйсгэлгүй үлдээж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувийг батлан хамгаалахад зарцуулахыг NATO-ийн холбоотнуудаасаа шаардаж, мөн албан тушаалаа авахаас нь өмнө Хамас Израилын барьцаалагдсан иргэдийг суллахгүй бол Ойрх Дорнодыг “орвонгоор нь эргүүлэх”-ээ амлалаа.
Мөн тэрбээр Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгож өөрчлөх санаа ч гаргаад амжив.
Эсэргүүцсэн улсуудад гаалийн тариф ногдуулах сүрдүүлгийг эс тооцвол дээрх амлалтуудыг яг хэрхэн хэрэгжүүлэх талаараа Дональд Трамп тайлбарлаагүй. Хэдий тийм боловч Флорида дахь Мар-А-Лагогийн эдлэнд цаг гаруй үргэлжилсэн энэ яриа нь тэрбээр албан тушаалаа аваад АНУ-ын гадаад бодлогыг урьд байгаагүй түвшинд өөрчилж чадах эсэх талаар эргэлзээг үгүй хийсэн гэж болно.
Панам улс сувгаа хэзээ ч өгөхгүйгээ хэдийн амласан бол Дани улс Гренландын удирдлагыг шилжүүлэх ямар нэг төлөвлөгөө байхгүйгээ мэдэгдээд буй. Канадын дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай Пьер Пуальеврийн хувьд “тийм зүйл болохгүй” гэдгийг шулуухан илэрхийлсэн. Мөн АНУ ч 1980-аад оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувийг батлан хамгаалахын салбартаа огт зарцуулж байгаагүйг Дональд Трамп дурдалгүй өнгөрсөн юм.
Хэдий тийм боловч АНУ-ын ард түмний итгэлийг хоёр дахь удаагаа хүлээсний хувьд Дональд Трампын бараг хүссэн болгоноо хэлж, хийж болно гэх хандлага улам бэхэжсэн нь тодорхойг ажиглагчид онцолж байна. “Дональд Трамп ямар дохио өгч байна вэ гэвэл тоглоомын дүрэмд баригдахгүйгээ илэрхийлж байна. Бусад улсыг троллдохын хажуугаар тогтолцоог бас троллдож байна” хэмээн “Johns Hopkins” их сургуулийн олон улсын харилцааны профессор Вали Наср онцолжээ.
Тарифын таавар
Дональд Трамп болон түүний засаг захиргаа шинэ тарифын бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх нь бусад улс орнууд, зах зээл, бизнесүүдийн хувьд оньсого байсан бол энэ долоо хоногийн даваа гарагт “Washington Post”-ийн гаргасан нийтлэл үүнд дахин нэг асуулт нэмлээ. Дональд Трампын зөвлөхүүд тарифыг зөөллөх арга зам эрэлхийлж, улсуудын зөвхөн нэн чухал барааны импортод хязгаарлагдмал тариф ногдуулах арга зам эрэлхийлж буйг “Washington Post” ойрын эх сурвалжаас эш татан мэдээлсэн юм.
Мэдээж Дональд Трамп үүнийг тэр даруй үгүйсгэв. “Миний тарифын бодлогыг буцаана гэж буруу мэдээлсэн. Энэ бол худал” хэмээн тэрбээр бичжээ. Гэхдээ юу үнэн байсан нь тодорхой бус үлдэж байна.
Сонгуульт ажлынхаа үеэр Дональд Трамп АНУ-ын бүх төрлийн импортын бараанд 10-20 хувийн тариф ногдуулж, БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн тариф ногдуулахаа амлаж байлаа. Харин сонгуульд ялалт байгуулсныхаа дараа тэрбээр БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд нэмэлтээр 10 хувь, Мексик, Канадын бараанд 25 хувийн татвар ногдуулахаар сүрдүүлж, зах зээлийг дахин “шок”-д оруулсан юм.
Энэ бүгдээс дүгнэвэл улсын орлогыг өсгөж, АНУ-ын аж үйлдвэрлэлийг сэргэн мандуулж, бодлогоо бусад орнуудаар даган мөрдүүлэх ганц арга нь тариф гэж үздэг Дональд Трампын хувьд энэ чиглэлд томоохон шийдвэр гаргахаар шулуудсан нь илт байна.
Нийтлэлийг: Andreas Kluth