
Зургийг: Bloomberg
“Apple” компани “iPhone” гар утасныхаа дөрвөн шинэ загварыг танилцууллаа. Шинээр танилцуулсан “iPhone 16” загвар нь “ул сууриасаа” хиймэл оюунд зориулагдан бүтээгдсэнийг тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук онцолж байсан ч “Apple Intelligence” хиймэл оюунт платформын функцүүд шинэ загваруудад шууд нэвтрээгүй, цаашид үйлдлийн системийн шинэчлэлээр аажим нэмэгдэж явах нь тодорхой болоод байна.
“iPhone 16”-ийн ерөнхий дизайн, техник хангамж өмнөх хувилбараасаа төдийлөн ихээр өөрчлөгдөөгүй ч процессор нь илүү хурдтай болсон, камер удирдах зориулалттай хажуугийн товчлуур нэмэгдсэн зэргийг дурдаж болно.
Шинэ “iPhone”-ийг туршиж үзсэн анхны сэтгэгдэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан сурвалжилгыг ЭНДЭЭС үзнэ үү.
“Apple” компани “iPhone”-ийн шинэ загваруудаа танилцуулснаас хэдхэн цагийн дараа БНХАУ-ын “Huawei Technologies” компани хоёр нугардаг, гурван хавтас бүхий дэлгэцтэй “Mate XT” гар утсаа танилцууллаа. Э
нэ төрлийн дизайнтай дэлхийн анхны ухаалаг гар утас гэгдэж буй тус загварын үнэ 19 мянга 999 юань буюу 2800 ам.доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 20-ноос худалдаанд гарахыг мэдээлжээ.
Дэлгэсэн үедээ ердөө 3.6 мм зузаантай, 10 инчийн дэлгэцтэй таблет болж хувирах “Mate XT” загварын хөгжүүлэлтэд “Huawei Technologies” компани таван жилийн хугацаа зарцуулсан байна. Тус загварын урьдчилсан захиалга хоёр өдрийн өмнө эхэлсэн бөгөөд аль хэдийн 2.7 сая захиалга хүлээн аваад байгаа аж.
Дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том зах зээл БНХАУ-д “Apple”-ийн сүүлийн үеийн борлуулалт тун базаахгүй түвшинд байна. Зургаадугаар сараар эцэслэгдсэн улиралд “iPhone”-ийн БНХАУ дахь нийлүүлэлт 3.1 хувиар буурсан бол “Android” системтэй өрсөлдөгчид нь жилийн дүнгээр борлуулалтаа 11 хувиар өсгөжээ.
Ингэснээр БНХАУ-ын зах зээлд эзлэх хувь хэмжээгээр “Apple” компани сүүлийн дөрвөн жилд анх удаа эхний тавд багтаагүйг “IDC”-ийн статистик харуулж байна.