
Зургийг: Luca Schenardi for Bloomberg Businessweek
2024 он гарсаар технологийн салбарт 32 мянган хүн ажилгүй болсныг цар тахлаас хойш тус салбарын ажлын байрны цомхотголын тоон үзүүлэлтийг гаргаж буй “Layoffs.fyi” стартап мэдээллээ.
Хамгийн сүүл үеийн жишээ бол “Snap” компани. Тус компани ажиллах хүчээ 10 орчим хувь буюу 540-өөр бууруулж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын эхээр программ хангамжийн “Okta” компани зардлаа танахын тулд 400 ажилтныхаа долоон хувийг цомхотгох болсноо мэдэгдсэн юм. Энэхүү жагсаалт цааш “Amazon.com”, “Salesforce”, “Meta Platforms” зэрэг технологийн аварга компаниудаар үргэлжилж байна.
Энэ онд “Технологийн компаниуд цар тахлын дэгдэлтийн үед хэт их ажилтан авснаа залруулах гэж оролдсон хэвээр байна. Учир нь бодлогын өндөр хүү болон салбарын уналт санаснаас урт хугацаанд үргэлжилж байна” хэмээн “Layoffs.fyi” стартапыг үүсгэн байгуулсан Рожер Ли өгүүлсэн юм.
Түүнийхээр сүүлийн жилүүдэд ажлын байрыг цомхотгох хоёр төрлийн давлагаа ажиглагдаж байгаа аж. Үүнд 2020 оны эхний хоёр улирал буюу Covid-19 цар тахлын эхэн үеийн өргөн хүрээний цомхотгол юм. Нөгөө нь 2022 оны II улирлаас хойш явагдаж буй бодлогын хүүгийн өсөлтөөс үүдсэн цомхотгол аж. “Энэ жилийн ажлын байрны цомхотгол өмнөх жилийнхээс цар хүрээгээр бага, мөн илүү тодорхой ажлын байрнууд руу чиглэсэн байна” гэж Рожер Ли онцолж байлаа.
Хэдийгээр эдийн засгийн хүчин зүйлс технологийн компаниудын ажлын байраа цомхотгох гол шалтгаан хэдий ч хиймэл оюуны хөгжүүлэлтийн төлөө олон компани өрсөлдөж, хиймэл оюуны мэргэжилтнүүдийг авахад анхаарлаа хандуулж байгаа нь өөр нэгэн шалтгаан болж байгааг компаниуд тодотгосон юм. Технологийн салбар дахь ажлын байрны чиг хандлагыг судалдаг “CompTIA”-ийн судалгаанаас үзвэл “12 дугаар сараас нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хиймэл оюуны чиглэлийн ур чадвар шаардсан ажлын байрны тоо 2000 орчмоор нэмэгдсэн” байна.
Иймд технологийн салбарт олон ажлын байр хасагдсан ч тодорхой чиглэлд хүмүүсийг эрчимтэй ажилд авч байгаа аж. Нэгдүгээр сард 33 мянга 727 ажлын байрны зар нээлттэй байсан нь сүүлийн 12 сарын хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсныг ч “CompTIA” онцолжээ.
“Ажлын байрны томоохон цомхотголуудын дийлэнх нь хийгдчихлээ гэж бодож байна. Одоо компаниудын үйл ажиллагаа сэргэх байх. Хэдий тийм боловч нөхцөл байдал тодорхойгүй байна” хэмээн “Insight Global” хүний нөөцийн компанийн Гүйцэтгэх захирал Берт Бин онцолж байлаа. Тэрбээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүртэл зах зээл энэ хэвээрээ хоёр жил ч үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа аж.