
Зургийг: Bloomberg
Гадаад худалдаа, тарифын болон цагаачлалын бодлого, компаниудын хувьцаа, хөрөнгийн зах зээлийн савлагаа гээд уг мэтгэлцээний дараа хөрөнгө оруулагчдын анхаарал юунд төвлөрөхөөр байгааг багцлан хүргэж байна.
Татвар: Дональд Трамп компаниудын орлогын татварын хувийг одоогийн 21 хувиас 15 хувь болгон бууруулж, 2017 онд Бүгд Найрамдах намаас санаачилж, батлуулж байсан татварын хөнгөлөлтийн хуулийг байнгын болгохоо амлаад байна. Харин Камала Харрис компанийн татварыг 28 хувь болгож өсгөх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Худалдаа, тариф: Дональд Трампын хувьд бүх төрлийн импортын бараанд 10 хувийн тариф ногдуулж, тэр дундаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн барааны тарифыг бүр ч эрчтэй өсгөнө гэдгээ хэлж байв. Камала Харрис мөн БНХАУ-д тийм ч зөөлөн хандахгүй гэсэн дохио өгч буй ч дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон хоорондын хагарлыг даамжруулах хүсэлгүй байгаагаа кампанит ажлынхаа үеэр илэрхийлж байлаа.
Цагаачлал: Хууль бус цагаачдыг зүгээр л албадан буцаахаа Дональд Трамп мэдэгдсэн бол Камала Харрис хилийн зурваст нэмэлт хана барих зэрэг арга хэмжээг багтаасан цагаачлалын илүү уян хатан шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Цагаачлалыг хязгаарлах аливаа арга хэмжээ хэрэгжсэнээр ажиллах хүч хомсдож, инфляцыг өсгөх үр дүн гарч болзошгүйг "JPMorgan"-ийн шинжээчид онцолж байв.
Хөрөнгийн зах сонгуулийн жилд: Ерөнхийлөгчийн сонгууль болох жил АНУ-ын хувьцааны зах зээлд ерөнхийдөө ээлтэй байсаар иржээ. "S&P 500 Index" нь “dotcom”-ийн хөөсрөл, дэлхийн санхүүгийн хямрал болсон 2000, 2008 оныг эс тооцвол 1960 оноос хойших бүх сонгуулийн жилд өсөлттэй байсан байна. Ялангуяа сүүлийн гурван сонгуулиар тус индекс багадаа 10 хувийн өсөлттэйгөөр тухайн жилийг үдэж байжээ.
Дональд Трамп ялбал анхаарах хувьцаанууд: Хэрэв худалдааны зөрчил хурцадвал орлогын ихээхэн хувь нь БНХАУ-тай холбогддог компаниудад дарамт учрах боломжтой. Үүнд "Nvidia", "Broadcom", "Qualcomm" зэрэг чип үйлдвэрлэгчид, "Air Products", "Chemicals Inc.", "Celanese" зэрэг бараа материал үйлдвэрлэгчид, мөн мэдээж "Tesla" багтана.
Харин дотоодын газрын тос олборлолтыг дэмжиж, хязгаарлалтуудыг арилгана гэсэн амлалтыг нь харгалзаж үзвэл "Baker Hughes", "Exxon Mobil", "Chevron" зэрэг газрын тос, байгалийн хий, уламжлалт эрчим хүчний компаниуд Дональд Трампын ялалтаас хамгийн том давуу тал хүртэхээр байна. Мөн батлан хамгаалахын салбар, зэвсэг үйлдвэрлэлийн компаниуд Бүгд Найрамдах нам ялсан үед өндөр өсөлттэй байх хүлээлттэй байдаг.
Камала Харрис ялбал анхаарах хувьцаанууд: Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэрэг салбарын компаниуд Харрисын ялалтын үр шимийг ихээхэн хүртэх төлөвтэй. "Tesla", "Rivian", "Lucid" зэргээс гадна цэнэглэх станц ажиллуулдаг "ChargePoint", "Beam Global", мөн нарны хавтан үйлдвэрлэдэг "First Solar", "Sunrun", "Enphase Energy"-ийг дурдаж болно. Түүнчлэн Камала Харрис анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд 25 мянга хүртэлх ам.долларын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан тул үл хөдлөх хөрөнгийн компаниудад бас сайнаар нөлөөлж магадгүй.
Айдас, тодорхойгүй байдал: Бүхий л том үйл явдлын адил сонгууль нь эдийн засаг, зах зээлд нөлөөлж, улмаар арилжааны савлагаа үүсгэх бололцоотой. "Wall Street"-ийн “айдсын индекс” гэгддэг "CBOE Volatility Index" (VIX)-ийн сүүлийн үеийн хөдөлгөөн 11 дүгээр сарын таванд болох сонгуулийн санал хураалтын үеэр хувьцааны хэлбэлзэл ихсэх хүлээлт нэмэгдэж буйг харуулж байна.
Санал хураалтын сүүлийн мөч хүртэл хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөн маш ойрхон байх, бүр сонгуулийн дараах өдрүүдэд ч эцсийн дүн бүрэн гарахгүй байх магадлал бийг зах зээлийн экспертүүд анхааруулж байгаа. 2000 оны сонгуулиар Флорида мужид саналын хуудас дахин тоолох үед "S&P 500 Index" дөрөв гаруй хувиар, АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 52 суурь нэгжээр унаж байлаа.