logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    CO2 шингээх микроб, ухаалаг "хана" ба бусад: Өндөр потенциалтай "Топ 10" технологийг нэрлэлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 26 11:41
    417

    Зургийг: weforum.org

    Нүүрстөрөгчийн ялгарлыг био түлш болгон хувиргахаар тусгайлан инженерчлэгдсэн организмууд нь уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг багасгах ирээдүйтэй технологид тооцогдож байна

    Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF) ирэх 3-5 жилийн хугацаанд дэлхийн нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх хамгийн өндөр потенциалтай технологиудыг нэрлэсэн "Топ 10 технологи" шинэ тайлангаа танилцууллаа.

    Өнгөрсөн оны жагсаалтад уян батарей, генератив хиймэл оюун зэрэг өдгөө ид яригдаж байгаа технологиуд багтсан бол энэ удаагийн жагсаалтад нүүрстөрөгч шингээх микроб, мэдээлэл дамжуулдаг гадаргуу гэх мэт танил бус бөгөөд сонирхолтой технологиуд түлхүү оржээ.

    Шинжлэх ухааны нээлтэд зориулсан хиймэл оюун: Гүн сургалт, генератив хиймэл оюун, суурь моделийн технологийн хөгжил нь шинжлэх ухааны нээлт хийх үйл явцыг эрс өөрчилж байна. Эрдэмтэд судалгаа шинжилгээндээ урьд өмнө байгаагүй ахиц дэвшил гаргаж, логик холбооснуудыг илүү нарийн түвшинд нягталж, улмаар хүний бие махбод, оюун санааг илүү гүнзгий ойлгодог болох боломжийг хиймэл оюун олгох төлөвтэй.

    Мэдээллийн нууцлалыг сайжруулах технологи: Сүүлийн жилүүдэд сонирхолд өртөх болсон “синтетик дата” нь хувь хүнтэй холбогдох, эсвэл байгууллага, Засгийн газрын түвшинд эрсдэл учруулах нарийн мэдээлэл агуулдаггүй гэдгээрээ онцлогтой. Хиймэл оюуны ахиц дэвшлийн ачаар синтетик дата нь эмзэг дата дээр ажиллахад гардаг олон бэрхшээлийг арилгаснаар хамтарсан судалгаа, хиймэл оюуны моделийн сургалт зэрэгт шинэ боломжууд нээнэ гэж үзжээ.

    Мэдээлэл дамжуулах ухаалаг гадаргуу: RSI буюу мэдээлэл дамжуулах ухаалаг гадаргуугийн технологи нь синтетик материал, ухаалаг алгоритм, дэвшилтэт сигнал боловсруулалт ашиглан энгийн хана, эсвэл төхөөрөмжийн гадаргуу зэргийг утасгүй холболтын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон хувиргах зарчмаар ажиллах юм.

    Өндрийн платформ станц: Агаарын хөлөг, агаарын бөмбөлөг ашиглах энэ систем нь алслагдмал бүс нутгууд дахь үүрэн холбооны сүлжээний хурд, хамрах хүрээг ямар ч хиймэл дагуул, цамхагт станцын хүргэж чадахааргүй түвшинд сайжруулдаг байна.

    Нүүрстөрөгч шингээх микроб: Нүүрстөрөгчийн ялгарлыг био түлш зэрэг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргахаар тусгайлан инженерчлэгдсэн организмууд нь уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг багасгах ирээдүйтэй технологид тооцогдож буй.

    Малын альтернатив тэжээл: Нэг эст уураг, замаг, хүнсний хог хаягдлаас гаргаж авсан малын уургийн тэжээл нь хөдөө аж ахуйн салбарт тогтвортой шийдэл болох боломжтой.

    Шилжүүлэн суулгах геномик: Гений инженерчлэл бүхий эрхтнийг хүний биед амжилттай шилжүүлэн суулгасан нь анагаах ухааны салбарт маш том амжилт болоод байна.

    Эластокалорик: Дэлхий дулаарах хэрээр сэрүүцүүлэх, агааржуулах технологийн хэрэгцээ огцом нэмэгдэх төлөвтэй. Механик даралтын нөлөөгөөр дулаан шингээх, ялгаруулах зарчимтай эластокалорик технологи нь эрчим хүчний хэмнэлт, үр ашгаар хол илүү тул одоогийн технологиудыг орлох хамгийн тохиромжтой сонголт болохоор байна.

    Интеграцчлагдсан тандан судлал: ISAC нь зайнаас тандан судлах технологи, харилцаа холбоог дан ганц системд нэгтгэснээр өгөгдлийг нэгэн зэрэг цуглуулах, дамжуулах явцыг эрс хөнгөвчилдөг. Өөрөөр хэлбэл тухайн орчноо мэдэрдэг утасгүй сүлжээ бий болгож, орчны зураглал, дэд бүтцийн мониторинг зэрэг нарийн ажлыг гүйцэтгэх чадамжтай болох аж.

    Барилгын иммерсив технологи: Метаверс шилжилтийн ашиг тусыг хамгийн их хүртэх потенциалтай нэг салбар нь барилгын салбар байх төлөвтэй. Хиймэл оюунд суурилсан иммерсив бодит байдлын хэрэглүүрийг ашигласнаар дизайнерууд, архитекторууд биет болон дижитал орчныг уялдуулан барилгын аюулгүй байдал, нарийвчлал, тогтвортой байдлын хяналтыг шинэ шатанд гаргах боломжтой болно.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих