
Зургийг: Angel Garcia/Bloomberg
“Bitcoin”-ийн ханш 73 мянган ам.доллар давлаа. Ийнхүү сүүлийн зургаан өдрийн дотор дөрвөн удаа бүх цаг үеийн дээд ханшаа шинэчлэн тогтоогоод байна.
“Bitcoin”-ийн “дээд амжилт”-аа эвдсэн өсөлтийн буухиа өдөр бүр 1500 гаруй "сая долларын хэтэвч" бий болгож байгааг крипто шинжилгээний “Kaiko Research” компани тооцоолжээ. Өөрөөр хэлбэл нэг сая ам.доллароос дээш орлоготой цахим хэтэвчийн тоо өдөрт 1500 орчмоор нэмэгдэж байгаа аж.
Дэлхийн хамгийн том криптовалютын ханш энэ он гарсаар 70 гаруй хувиар өсөөд буй нь АНУ-д “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сангууд нэгдүгээр сард зөвшөөрлөө авснаас хойш эрэлт нь асар өндөр байгаатай холбоотой. Хэдий тийм боловч "сая долларын хэтэвч"-ийн өсөлтийн хурд 2021 оны сүүлийн огцом өсөлтийн мөчлөгтэй харьцуулахад удаан байгаа юм. Тухайн үед өдөр бүр 4000 гаруй цахим хэтэвч сая ам.долларын босгыг давж байжээ.