
Зургийг: Bloomberg/Greg Baker/AFP/Getty Images
БНХАУ-ын эдийн засаг энэ онд таван хувиар тэлнэ гэж эдийн засагчид таамаглаж байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард гаргасан өмнөх төсөөллөө 0.1 нэгж хувиар өсгөсөн үзүүлэлт боллоо.
Тус улсын экспортын үзүүлэлт IV, V сард шинжээчдийн хүлээлтээс давснаар олон улсад эрэлт өндөр түвшинд хэвээр хадгалагдаж байгааг харуулсан байна. Мөн БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаагийн илрэл боллоо гэж эдийн засагчид дүгнэжээ.
Энэ нь тус улсын экспортод түшиглэсэн эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх стратеги төлөвлөгөөг дэмжиж байгаа аж. Хэдий тийм боловч АНУ болон Европоос худалдааны хориг арга хэмжээгээ тэлэх эрсдэлүүд нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
Зарим эдийн засагчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор жижиглэн худалдааны борлуулалтын өсөлт саарна гэж таамаглажээ. Ингэхдээ хэрэглээний үнийн индекс 0.6 хувиар өсөх бол үйлдвэрийн үнийн индекс нэг хувиар буурна гэсэн тооцоолол гаргаад байна.
АНУ, Европтой хийх худалдааны хувьд томоохон улс орнууд эдийн засгийн хувьд хуваагдвал дэлхий нийтэд сөрөг үр дагавар авчирна гэж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан тус улсын Далянь мужид зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форум буюу зуны Давосын чуулганы үеэр байр сууриа илэрхийллээ. Мөн БНХАУ зах зээлд хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэсэн санааг үгүйсгэсэн юм. Энэ нь Канад улс БНХАУ-ын цахилгаан автомашины импортод тариф ногдуулах санаачилгын хариу болсон гэж шинжээчид үзэж байна.
Хойд Америк болон Европт цахилгаан автомашины салбарт татварын асуудалтай тулгараад буй БНХАУ-ын хувьд Япон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлэх нь өндөр ач холбогдолтой асуудал болоод байгаа аж. Тухайлбал: БНХАУ-ын “BYD” зэрэг компани цахилгаан автомашины шинэ загваруудаа Японы зах зээлд гаргаж, салбарын тоогоо нэмэгдүүлэх санаачилгууд гаргаад байгаа юм.