
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ийг 1932 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн юм. Уул уурхайгаар хоорондоо холбогдсон дэлхийн бүхий л байгууллага, компани, иргэдийн уулзах цэг болдог PDAC чуулганыг энэ салбарын "Super Bowl", "Уул уурхайн Давос" хэмээн зүйрлэн нэрлэдэг.
Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж нь PDAC чуулган юм.
2023 оны PDAC чуулганд дэлхийн 120 гаруй орны 23,819 зочин төлөөлөгч оролцож, 1100 гаруй үзэсгэлэн, худалдааны талбай үйл ажиллагаа явуулжээ. Харин 2024 оны чуулган нь PDAC-ийн 92 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээнүүдийн нэг болох төлөвтэйг тус холбооны Ерөнхийлөгч Рэймонд Голди онцолсон байна.
Монгол Улсын хувьд олон улсын хөрөнгө оруулалт эрэлхийлэн 2006 оноос хойш уг чуулганд тасралтгүй оролцож байгаа. Энэ онд Монгол Улс хөрөнгө оруулалтын “Mongolia Day” өдөрлөг, форум зохион байгуулж, үзэсгэлэнгийн талбайгаа нээн оролцох бөгөөд гуравдугаар сарын 3-нд болох Монголын өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн” ХК-ийн Ерөнхийлөгч Петер Акерли зэрэг эрхмүүд илтгэл тавихаар байна.
“Bloomberg TV Mongolia” нь PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, чуулга уулзалтын бүхий л мэдээ, мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан хүргэж, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүдтэй тусгай ярилцлага хийх болно. Өмнө нь 2019 болон 2022 онд PDAC арга хэмжээг сурвалжлахдаа PDAC-ийн Ерөнхийлөгч асан Алекс Кристофер, Канадын уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Пьер Граттон зэрэг эрхмүүдтэй ярилцлага хийж, Монгол Улсын эдийн засагт хамаатай байр сууриудыг хүргэж байлаа.
Мөн компаниудын төлөөллөөс “Оюу Толгой” компанийн Гүний уурхай төслийн захирал Жак Ван Тондер, “Rio Tinto”-ийн Эрдэс хариуцсан захирал Шинейд Кауфман, “BHP Xplor”-ийн Дэд Ерөнхийлөгч Сониа Скарселли, “TMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал Брендан Статс нартай ярилцаж байв.
Харин энэ онд бид PDAC-ийн Ерөнхийлөгч Рэймонд Голди, “Orano Mining”-ийн Ахлах зөвлөх Кристиан Полак, “S&P Global Commodity Insights”-ийн Судалгаа хариуцсан захирал Кевин Мурфи тэргүүтэй зочидтой тусгай ярилцлага хийж, Монгол Улсын уул уурхайн боломжууд, анхаарал татаж буй төслүүдийн талаар ярилцахаар төлөвлөөд байна.
PDAC чуулганаар хөндөгдсөн гол сэдвүүд, оролцогчдын онцлох байр суурийг багцалсан тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд хүлээн авч үзээрэй.