
Зургийг: С.Батсайхан
Цалин тэтгэвэр, халамж гэхчлэн зарцуулалтаа ихээхэн нэмж баталсан 2024 оны төсвөөс харвал гадаад, дотоодын олон эрсдэлийн эсрэг сөргүүлж тавих ганц “зэвсэг” нь нүүрс байх төлөвтэй. Одоогийн эдийн засгийн тогтворжилтыг “үүлэн чөлөөний нар” байлгахгүйн тулд “Fitch Ratings” агентлаг болон Олон Улсын Валютын Сан “Монгол Улс нөөцөө нэмэгдүүлж, хуваарьт өр төлбөрөө барагдуулахад бэлтгэлтэй байх”-ыг зөвлөв.
“Fitch Ratings” юу гэв?
"Ирэх жилүүдэд гадаад санхүүжилтийн эмзэг байдал даамжирч, гадаад өрийн хэмжээ нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг түр зуурынх болгож магадгүй"-г “Fitch Ratings” анхаарууллаа. Ялангуяа 2024-2027 онд Монгол Улсын гадаад өрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө жилд дунджаар 975 сая ам.доллар байхаар байгаа нь харьцангуй хүнд ачаалал гэж үзжээ.
Үүнээс гадна "Монгол Улсын зохицуулалтын орчин тогтмол өөрчлөгддөг нь уул уурхайн салбарын компаниудад сөргөөр нөлөөлж, компаниудын бэлэн мөнгөний урсгал болон зээлжих зэрэглэлд "халтай" нөлөө үзүүлж байгаа"-г онцолсон юм.
ОУВС-ийн зөвлөмж
Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 4.5 хувь байна хэмээн тооцоолоод байгаа Олон Улсын Валютын Сангийн үзсэнээр эдийн засгийн суурь төлөвтэй холбогдох эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг тал руу хэвийж байгаа аж. Гадаад өр өндөр, гадаад эрсдэлээс хамгаалах нөөц хязгаарлагдмал, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай байдал нь Монгол Улсыг аливаа гадаад “шок”-ийн нөлөөнд эмзэг болгож байгааг дурдсан байна. “Гадаад шокт эмзэг” гэх хэлц Монгол Улсыг сүүдэр мэт дагаж буй нь суурь асуудлуудтай холбоотой.
Төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлснээр өндөр үнээр олж авсан Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж Дүрмийн IV заалтынхаа дагуу гаргасан бодлогын зөвлөмжүүдэд дурджээ.
Иймд "Монгол Улсын эдийн засагт яг одоо тохиож байгаа эерэг мөчийг ашиглаж нөөцөө нэмж бүрдүүлэн, илүү их төсвийн хэмнэлт хийж, зээлийн эргэн төлөлтөд бэлтгэх замаар өрийг дахин санхүүжүүлэхэд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хэрэгтэй" гэж ОУВС зөвлөж байна.