
Зургийг: m-election.mn
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нам, эвслийн төлөөлөл болон бие даагчид тэднийг төлөөлөх хүмүүст нэр дэвшигчийн үнэмлэх гардуулснаа Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Ийнхүү ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорч, сурталчилгаагаа эхлүүлж байна.
УИХ-ын ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа нь хамгийн олон нам, эвсэл оролцож буй тохиолдол болж байгаа юм. Одоогоор УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр нийтэд ил болоод байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс (зургаадугаар сарын 10-ны өдрөөс) эхлүүлж байгаа бөгөөд санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ удаагийн сонгууль нь анх удаа 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ онцлог бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүний, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгоно. Харин тойргоос сонгогдох 78 гишүүний 54-ыг нь орон нутгаас, 24-ийг нь Улаанбаатар хотоос сонгох юм.