
Зургийг: Jackson Gibbs for Bloomberg Businessweek
АНУ-д өдгөө хамгийн өсөлттэй байгаа нэгэн ажлын байрны гол шаардлага нь зайнаас ажиллах. Хэдий тийм боловч өндрөөс айдаг хүмүүс энэ ажилд орох талаар бодоод ч хэрэггүй.
“BLS”-ийн тооцоолсноор салхин турбины засвар үйлчилгээний техникчийн ажил эрхлэлт дараагийн 10 жилийн хугацаанд 45 хувиар өсөхөөр байгаа нь бусад бүхий л ажлын байрны өсөлтийг давах үзүүлэлт аж. АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчийг дэмжих арга хэмжээ тэрхүү өсөлтөд улам түлхэц болох төлөвтэй.
Салхин турбины туршлагатай техникч их сургуулийн зэрэггүйгээр жилд ойролцоогоор 80 мянган ам.долларын орлоготой ажиллах боломжтой ч олон газраар явж, халуунд халж, хүйтэнд хөрж, 20 гаруй кг жинтэй тоног, төхөөрөмж үүрэн өндөр шатаар авирч чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй аж.
“Revelio Labs”-ийн мэдээлснээр АНУ-д салхин турбины техникчийн ажлын зарын тоо 2018 оноос хойш зургаа дахин өссөн бөгөөд тус салбарт сүүлд тулгарсан хүндрэлүүд өсөлтийн эрчийг нь сааруулаагүй байна. Өдгөө АНУ-ын 44 мужид 73 мянга гаруй салхин турбин сүндэрлэж байгаагийн сацуу "Vestas", "Orsted", "Siemens" зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон компаниуд шинэ загварууд хөгжүүлэх тусам салхин турбины технологи жил ирэх тусам улам хүчирхэг, цогц болсоор байгаа юм. Гангаар хийгдсэн тэрхүү сүрлэг цамхгууд Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр, мөн далбангууд нь хөлбөмбөгийн талбай шиг урттай байх нь бий.
Турбин бүрд ерөнхийдөө жилд хоёр удаа засвар үйлчилгээ хийх шаардлагатай байдгаас гадна заримдаа төлөвлөгөөт бус засвар хэрэг болдог аж.
"Манай оффис 90 метрийн өндөрт байдаг. Би өндрөөс ерөөсөө айдаггүй ч 90 метрийн өндөрт гарахад бодит байдалтай нүүр тулгах шиг л болдог. Хүчтэй салхитай үед яг л далайн шуурганд завьтай явж байгаа мэт байдаг" хэмээн дэлхийн тэргүүлэх турбин үйлдвэрлэгч Данийн “Vestas” компанийн техникч, 33 настай Омар Рубалкава онцолж байв.