logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Ө.Энхбаатар: Dolce&Gabbana, Valentino-ийн хувцас үйлдвэрлэж, TITEM брэндээ ч Европт таниулж байна
    Унгар улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Titem Men’s Collection”-ийн Үүсгэн байгуулагч Ө.Энхбаатартай Будапешт хотноо ярилцлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 21 15:00
    4945

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Covid-19 цар тахал, ОХУ, Украины дайн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн гурван жилд компанийнх нь борлуулалт 30 орчим хувиар буурсан ч барууны томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг учраас бизнес нь тогтвортой байгааг “Titem Men’s Collection”-ийн Үүсгэн байгуулагч Ө.Энхбаатар онцолж байна

    - Танай компани “Valentino”, “Giorgio Armani” зэрэг томоохон брэндүүдээс захиалга авч, бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй яриач?

    -Тийм ээ. Манайх “Dolce&Gabbana”, “Valentino”, “Stella McCartney”, “Max Mara” зэрэг брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэртээ технологи, инновацын шинэчлэл хийж, сүүлийн үеийн сайн тоног, төхөөрөмжтэй болсны ач л даа. Томоохон брэндүүд манай үйлдвэр, тоног, төхөөрөмжтэй сайтар танилцсаны үндсэн дээр захиалгаа өгсөн.

    - Одоогоор хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх талд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар?

    - Манай компани эрэгтэй хослолыг олон төрлийн хэмжээтэй үйлдвэрлэдгээрээ их онцлог л доо. Эрэгтэй хослол “Super Slim”, “Slim”, “Regular”, “Comfort”, “Body Fit” гэсэн хэмжээ, загвартай гардаг. “Super Slim” нэлээд нарийхан эсгүүртэй, “Slim” нь нарийвтар, “Regular” бол шулуун, “Comfort” болохоор жаахан махлаг хүнд таарна. “Body Fit” нь булчинлаг эрчүүдэд зориулсан загвар гэж хэлж болно. Нийтдээ 87 өөр хэмжээтэй үйлдвэрлэдэг.

    - Өндөр стандарттай, тансаг зэрэглэлийн олон брэндтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүнээ Австрид гаргадаг гэж сонссон. Европын бусад улс руу бизнесээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа юу?

    - Байлгүй яах вэ. Европ даяар “TITEM” брэндийнхээ сүлжээг бий болгох зорилготой. Эрэлт хэрэгцээ нь ч бий. Түрүүнд хэлсэнчлэн манайх олон размерын сонголттой. Энэ бидний том давуу тал. Баруун Европын ихэнх брэнд 6-8 төрлийн л размертай байдаг. Энэ нь нийт худалдан авагчийн 20 орчим хувьд нь л таарч, бусад нь захиалгаар хийлгэдэг. Үүнийг бид боломж гэж хараад төлөвлөгөө гаргаж, борлуулалт дээрээ төвлөрсөн.

    Манай дэлгүүрт 10 эрэгтэй орж ирлээ гэж бодвол бид 8-9-д нь пиджак өмсгөөд гаргачихдаг. Харин зах зээлийн дунджийг харвал 10 хүний хоёрт нь л бэлэн размер таарах жишээтэй.

    - Чанартай хувцас хийхэд даавуу хамгийн чухал. Түүхий эдээ татан авахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу?

    - “Dolce&Gabbana”, Английн “Scabal” зэрэг Европын топ брэндүүдийн эхний тавынх нь даавуу болон материал манайд бэлэн байдаг.

    428639153_798753768935794_7995254837576086816_n.jpg

    - Дэлхийн томоохон брэндүүд танайд бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлж байна. Тэдний стандартад нийцэхэд юунд анхаарч ажиллах шаардлагатай байдаг вэ?

    - Тоног, төхөөрөмж л хамгийн чухал. Манайх тусгай зориулалтын индүүнүүдтэй. Энэ маань эрэгтэй пиджакийн эцсийн хэвийг гаргадаг их чухал эд л дээ. Унгарт манайхаас гадна нэг л үйлдвэр ийм индүүтэй.  

    - Нарийн хэмжээтэй олон төрлийн загвартай эрэгтэй хослол хийхэд чадварлаг хүний нөөц хэр хүртээмжтэй байна вэ?

    - Хүний нөөц гол асуудал болоод байна. Унгарт хөнгөн үйлдвэрийн чиглэлээр сүүлийн 30 жил боловсон хүчин бэлтгээгүй. Манайх Монголоос 10 гаруй ажилтан авсан. Дахиад ч 20-30 хүн авахаар төлөвлөсөн.

    - Европоос төдийгүй дэлхийн хэмжээнд бизнесээ тэлэхэд ямар боломж байна вэ?

    - Европын зах зээл өөрөө асар өргөн. Одоогоор манайх Унгарт л үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван дэлгүүртэй. 100 гаруй түнштэй. Яваандаа “TITEM” брэнд Австри, Герман, Швед, Англид дэлгүүрээ нээхээр ярилцаж байгаа. Ирэх жилээс эхний салбар нээгдэх байх.

    - Унгар болон европ эрчүүд азиудаас өөр бие бялдартай шүү дээ. Тэдний биед таарсан тухтай хувцас хийхэд юунд илүү анхаардаг вэ?

    - Эрэгтэй хүний дундаж хэмжээ ерөнхийдөө 50 байдаг. Унгар эрчүүд биерхүү болохоор дундаж нь нэлээд дээгүүр 58 хавьцаа өмсдөг. Бид хүн бүрийг л боломжит үйлчлүүлэгч гэж хараад аль болох биед нь яг таарсан хувцас хийхийг зорьдог. Энэ маань ч амжилттай хэрэгжиж, эрэлт хэрэгцээ ч их байна.

    - Цаашид ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай өрсөлдөхөд шинэ стратеги хэрэгтэй байх. Энэ талд танайх ямар төлөвлөгөөтэй байна вэ?

    - Олон төрлийн хэмжээний сонголтоороо л дагнах болов уу. “Hugo Boss” гэхэд “Slim” хэмжээг л голлодог. Том брэндүүдтэй өрсөлдөх мэдээж хэцүү ч бид тэдний байхгүй орон зай, зах зээлийг харж байгаа.

    - Монголдоо дэлгүүрээ нээх үү?

    - Мэдээж, нээнэ гэж бодож байгаа. Хүмүүс их хэлдэг л дээ. Газарзүйн байрлалын хувьд хол учир  амаргүй байх л даа. Одоогоор бид үйл ажиллагаагаа чамгүй том зах зээлд явуулж байгаа болохоор нэг их шамдахгүй л байна. Яваандаа болох байх аа. 

    Cэтгэгдэл бичих