logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Аялал жуулчлалын оргил сард 270 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 07 13:25
    392

    Зургийг: MIAT

    I-VII сард олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган иргэн зорчсон байна

    Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчиж, өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөнийг Зам, тээврийн яам мэдээллээ. Үүнээс олон улсад зорчигчдын тоо 38.3 хувиар, орон нутагт зорчигчдын тоо 5.5 хувиар өссөн байна. Тухайлбал: олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган иргэн зорчсон нь өмнөх онтой харьцуулахад нэмэгджээ. Олон улсад зорчигчдын нийт дүнд агаарын тээвэр 70.7 хувийг эзэлж байна.

    Аялал жуулчлалын оргил сар болох долоодугаар сард нийт 270 мянга гаруй зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Долоодугаар сард олон улсад зорчигчдын тоо 230 мянга давж, 33.8 хувиар өссөн бол орон нутагт 40.4 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар буурчээ.

    Олон улсын нислэгт Сөүл, Бээжин, Токио, Истанбул зэрэг чиглэлд хамгийн олон хүн зорчсон байна. Тухайлбал: “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр долоодугаар сард олон улсад 454 мянга 995 зорчигч зорчсон бол БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компанийн нислэгээр 84.2 мянга, БНХАУ-ын агаарын тээврийн “Air China” компанийн нислэгээр 82.3 мянга, Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines”-ийн нислэгээр 50.1 мянга,  “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 72.5 мянга, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 54.3 мянга, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 13.1 мянган үйлчлүүлэгч зорчжээ.

    Түүнчлэн БНСУ-ын агаарын тээврийн “Jeju Air” компанийн нислэгээр 48.3 мянга, “Asiana Airlines-ийн нислэгээр 37.5 мянга, ОХУ-ын “IrAero”-ийн нислэгээр 9.7 мянган зорчигч, “Air Busan-ийн нислэгээр 9000, “КрасАвиа”-ийн нислэгээр 1.4 мянга, захиалгат нислэгийг 1.1 мянган зорчигч сонгосон байна.

    “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд олон улс болон орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч буй бөгөөд энэ онд орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 10 орчим хувиар бууруулсныг салбарын яам мэдээлж байсан юм.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улс 46 орны 150 гаруй цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдээд байна. Сүүлийн байдлаар долоодугаар сарын 10-наас “Изинис Эйрвэйз “компани Чехийн Прага хот руу шууд нислэг үйлдэж эхлээд байгаа юм.

    2024 онд Монгол Улс 10 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр шинээр байгуулахаар төлөвлөж байгааг ИНЕГ мэдээлж байв.

    Үүнээс гадна агаарын тээврээр 2024 оны долоодугаар сард 925.5 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 59.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 5524 тонн ачаа болон шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.6 хувиар өссөн байна. Үүнээс 5,398.1 тонн ачаа тээвэрлэсэн нь 31.7 хувиар өссөн бол 125.8 тонн шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 76.9 хувиар буурчээ. Агаарын тээврээр тээвэрлэсэн нийт ачаа шуудангийн 99.8 хувийг олон улсад тээвэрлэсэн бол 0.2 хувийг орон нутагт тээвэрлэсэн байна.

    Cэтгэгдэл бичих