Кремлиэс одоогоор хяналтдаа оруулаад буй Украины бүс нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх санал асуулгын үр дүнг танилцууллаа. Украин болон Өрнөдийн холбоотон орнуудын “хуурамч” гэж нэрлэсэн тус санал асуулгаар Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын иргэдийн дийлэнх нь ОХУ-д нэгдэх санал өгснийг зарлажээ.
Өнөөдөр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өөрийн “Телеграм” хуудсаараа дамжуулан санал асуулга дууссаныг мэдэгдээд “Саналын үр дүн тодорхой байна. Орос эх орондоо тавтай морил” хэмээн бичжээ.
Тодруулбал: Донецкийн захирагч Денис Пушилин энэ талаар мэдээлэхдээ тус мужийн санал өгсөн иргэдийн 99.23 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхээр сонгосныг онцолсон байна. Мөн Херсон, Запорожье, Луганск мужуудын иргэд дээрхтэй адил үнэмлэхүй олонхын саналаар ОХУ-д нэгдэхээр болсныг “Риа Новости” мэдээлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэхүү санал хураалтыг “НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл” гэж буруутгасан юм. Мөн санал асуулгаас гарах үр дүн нь урьдаас тодорхой болсон хэмээн дэлхийн хэвлэлүүд, ажиглагчид үзэж байв. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ талаар “ОХУ-ын гэмт үйлдлүүд Украинд юуг ч өөрчилж чадахгүй” хэмээн “Facebook” хуудастаа бичсэн байна.
Кремлийн энэхүү алхам нь Украины дайны нөхцөл байдлыг улам аюултай түвшинд аваачиж байна. Нэгтгэсэн газар нутгуудаа хамгаалахын тулд ОХУ стратегийн цөмийн зэвсэг ч ашиглах боломжтойг Кремлиэс өмнө нь анхааруулж байв.