Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани хайгуулын эхний хөтөлбөрөө бүрэн хийж гүйцэтгэснээ мэдээллээ.
Эхний хайгуулын хөтөлбөрийн хүрээнд тус компани таван цооног өрөмдсөн байна. Хамгийн сүүлийн цооногийн өрөмдлөг, шинжилгээний ажил нь есдүгээр сарын 22-нд дуусжээ.
“Snow Leopard–03R” цооногийг газрын гүнд 558 метр хүртэл өрөмдөж, 175 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна. Энэ нь анх тооцоолж байсан нүүрсний зузааны хэмжээнээс 25 хувиар их хэмжээ болжээ. Мөн хайгуулын хөтөлбөрийн хүрээнд гарсан хамгийн сайн үр дүн болсон аж.
Нарийвчлан харвал нүүрсний дээд давхаргаас 73 метр, доод давхаргаас 102 метрийн зузаантай нүүрс илрүүлсэн байна.
Хайгуулын хөтөлбөр дууссанаар “TMK Energy” компани боломжит нөөцийн хэмжээг тогтоохоор “Netherland”, “Sewell & Associates”-тай хамтран ажиллахаар болжээ. Ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа хариу нь гарах хүлээлттэй байна.