
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө Нарийн сухайт талбай дахь өрөмдлөгийн ажлыг “Lucky Fox-1” цооногийн өрөмдлөгөөр эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
“TMK Energy" компани энэхүү төслөө өрөмдлөгийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг Канадад төвтэй "Major Drilling Group"-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд гэрээний дагуу өрөмдлөгийг дөрөвдүгээр сарын 12-нд эхлүүлсэн байна. Эхлээд тус бүр 200 метрийн зайтай гурван цооног өрөмдөж байгаа аж. Энэхүү гурван цооногийн өрөмдлөгт 50 орчим хоног шаардагдана гэж тооцоолжээ. Өрөмдлөг дууссаны дараах дөрвөн долоо хоногийн хугацаанд насос суурилуулж, гадаргын байгууламжийг цооногтой холбох юм байна. Ингэснээр үйлдвэрлэл эхэлснээс 1-2 сарын дотор хийг хяналттайгаар гарган авах боломж бүрдэнэ гэж мэдээллээ.
Хөтөлбөрийн анхдагч санхүүжилтийг “TMK Energy”-ийн “Гурвантэс XXXV” төсөлд хамтрагч “Talon Energy” гаргаж байгаа аж. 2022 оны 12 дугаар сард хийсэн гэрээгээр Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тос, байгалийн хийн хайгуулын “Talon Energy” компани шаардлагатай 3.5 сая ам.долларын төсвийн 3.15 сая ам.долларыг нь гаргасан байна. Цаашид үлдсэн төсөв болон нэмэлт өртгийг харгалзах эзэмшил хувийн хүрээнд гаргахаар болжээ.
5.9 их наяд куб фут нөөцтэйг нь тогтоосон “Гурвантэс XXXV” төслийн талбай Монгол Улс болон БНХАУ-ын хилээс 20 км-ийн зайтай, 8400 км квадрат талбайг хамардаг бөгөөд 66 хувийг “TMK Energy”, 33 хувийг “Talon Energy” эзэмшдэг байна.