
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
Япон улсын үйлчилгээний үнийн өсөлт сүүлийн 30 жилд анх удаа хоёр хувьд хүрсэн нь тус улсын Төв банкны хувьд удаан хугацаанд хүсэн хүлээсэн дүн мэдээлэл болж байна. Инфляцын өсөлт тогтворжсоны баталгаа ийнхүү гарснаар тус банк мөнгөний бодлогоо хэвийн түвшинд хүргэх боломжтой болох юм.
Зургаадугаар сард Японы үйлчилгээний салбарын инфляц 1.6 хувиас хоёр хувь болж өссөн нь харилцаа холбоо, байр сууц, энтертайнментын өндөр өртөгтэй холбоотойг тус улсын Дотоод хэргийн яамнаас баасан гарагт мэдээлжээ. 1997 онд худалдааны татварыг нэмэгдүүлсний нөлөөг эс тооцвол тус улсын үйлчилгээний инфляц 1993 оноос хойш хоёр хувиар доогуур түвшинд хадгалагдсан юм.
20 гаруй жилийн турш инфляцыг өдөөх оролдлого хийж буй Японы Төв банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд инфляцыг хоёр хувьд тогтвортой барих зорилт тавьж, эрчимтэй дэмжлэгийн арга хэмжээ авсаар иржээ.
"Эхэндээ гаднын хүчин зүйлс инфляцыг өдөөсөн бол одоо дотоод хүчин зүйлсийн шинжтэй инфляц болж хувирсан. Үйлчилгээний инфляцыг үүгээр тайлбарлаж болохоор байна. Тиймээс Төв банк шаардлагатай ямар ч үед бодлогын хүүгээ өөрчлөхөд бэлэн болсон гэж бодож байна" хэмээн "Mizuho Securities" компанийн Ахлах эдийн засагч Шүнсүкэ Кобаяши тайлбарлажээ.
Цалингийн өсөлт зогсонги байдалд орсноор иргэд, өрхүүд нэмэлт зардлаа бууруулж, улмаар үйлчилгээний үнийн сул өсөлт Японыг олон жилийн турш инфляцаар бусад хөгжингүй орны хойно үлдэхэд нөлөөлсөн юм. Харин энэ онд компаниуд цалингийн хэмжээг түүхэн өндөр дүнгээр өсгөхөөр зөвшөөрсний дараа энэхүү динамик өөрчлөгдөж эхэлсэн байх магадлалтайг баасан гарагийн тайлан мэдээлэл харуулж байна.