
Зургийг: Dado Galdieri/Bloomberg
Олон улсын зээлжих зэрэглэлийн “Fitch” агентлаг “Vale” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг "BBB", төлөвийг “Тогтвортой” түвшинд баталгаажууллаа.
Зээлжих зэрэглэлийг сайн хэвээр үлдээхэд үйл ажиллагааны өртөг бага байгаагаас гадна дэлхийн хэмжээнд явуулж буй үйлдвэрлэлийн хэмжээ нь нөлөөлсөн байна. Тэр дундаа компанийн ашгийн 90 орчим хувийг төмрийн хүдрийн бизнес нь бүрдүүлж байгаа юм.
Зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ дэлхийн зах зээлд зэсийн үнэ 2024 болон 2025 онд тонн нь 8000 ам.доллар байна гэж тооцоолсон байна. Энэ нь Монгол Улс 2024 оны төсвийн тооцоололд тонн нь 9000 ам.доллар байна гэж тооцоолсноос доогуур дүн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс ирэх оны төсөвт зэсийн үнийг “Fitch”-ийнхтэй харьцуулахад илт өөдрөг төсөөлж байгаа нь харагдаж байна. Монгол Улс ирэх онд 1.5 сая тонн зэс, 8.4 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт тавиад байгаа юм.
Төмрийн хүдрийн хувьд 2024 онд тонн нь 85 ам.доллар, 2025 онд 75 ам.доллар болно гэж тооцоолоод байгаа аж. Сангийн яамнаас 2024 онд тонн нь 75 ам.доллар байна гэж тооцоолсон нь “Fitch”-ийнхээс бага байна.