
Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө нэг хувиас, 2.5 хувь болгон нэмэгдүүллээ. Харин бусад олон улсын байгууллагууд бараг бүгд бууруулж тогтоогоод байгаа юм.
2023 оны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөрвөн хувьтай байна гэж Олон Улсын Валютын Сан өмнөх төсөөллөө бууруулсан байна. Үүнд инфляцын дарамт болон нийлүүлэлтийн саатал зэрэг гадаад хүчин зүйлс голлон нөлөөлж байгаа аж.
Монгол Улс төсвийн алдагдлаа бууруулахгүй бол бодлогын хүүг цаашид өсгөх шаардлагатай нүүр тулна гэж тус байгууллага анхааруулж буй бөгөөд энэ хүрээнд төсвийн шинжтэй үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал: ипотекийн зээл олголтыг энэ он дуусгаад зогсоох саналыг дэмжихээ Олон Улсын Валютын Сан мэдэгдэв.
УИХ төсвийн алдагдлыг сүүлийн 5-6 жилд тогтмол хоёр их наяд төгрөгөөс дээш түвшинд баталсаар ирсэн бөгөөд цар тахлын жилүүдэд халамжийн чиглэлийн зарцуулалт огцом нэмэгдсэн. Харин одоо дэлхийн Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж, эдийн засгийн өсөлт саарч буй бөгөөд улс орнуудын хувьд төсвөө чангатгах шаардлага нэмэгдэж байгаа юм. Энэ хэрээр төсвийн алдагдлаа бууруулахыг олон улсын байгууллагууд зөвлөж байна.
Ипотекийн зээлийн үзүүлэлтийн тухайд наймдугаар сард арилжааны банкнууд зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл хүссэн 732 өргөдлийг шийдвэрлэж, 71.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 10 мянга гаруй иргэнд олгосон зээлийн үлдэгдэл 880 тэрбум төгрөг хүрснийг Монголбанк мэдээлж байна.
Үүнээс гадна Засгийн газар валютын нөөцийг хамгаалахын тулд нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг үлдээж, онц шаардлагатай биш төслүүдийг түр хойшлуулах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан зөвлөж байгаа юм. Шаардлагатай арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэхийг анхаарууллаа.
ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи