
Зургийг: Drew Angerer/Getty Images
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккарти нар өрийн таазыг шинэчлэн тогтоох тохиролцоонд хүрснээр тус улс түүхэндээ анх удаа дефолт зарлах эрсдэлээс зайлсхийх боломжтой болсноо зарлалаа. Бямба гарагт тэд 90 минутын турш утсаар ярилцсаны эцэст тохиролцож чадсан бөгөөд Конгресс төсвийн шинэ хууль тогтоомжийг батална гэдэгт итгэлтэй байгаагаа Жо Байден илэрхийлсэн байна.
"Тохиолдож болох хамгийн том эрсдэлээс энэ хэлэлцээ сэргийллээ. Хэлэлцээ хийсэн хэн ч өөрийн хүссэндээ хүрээгүй л дээ. Хэдий тийм боловч энэ бол засаглалын хариуцлагыг илтгэж байгаа хэлбэр. Конгрессын хоёр танхим шинэ хуулийг батлахыг миний бие хичээнгүйлэн уриалмаар байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцолжээ.
Конгрессын хоёр танхим дэмжвэл өрийн таазыг шинэчлэх хуульд Жо Байден гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох юм. Ердөө долоо хоногийн дараа АНУ-ын Засгийн газар төлбөрийн чадваргүй болохоор байгаа ч дээрх тохиролцоог Конгресст либералууд ч консервативууд ч эсэргүүцэх магадлал өндөр байна.
Төсвийн шинэ хуулийн төсөлд 2025 оны нэгдүгээр сар хүртэл өрийн таазыг хүчингүй болгохоор тусгасан тухайн оны дунд үе хүртэл өрийн таазтай холбоотой мэтгэлцээн хойшлогдохоор болж байна. Өрийн таазыг цуцлахад Бүгд найрамдах намынхны дэмжлэгийг авсныхаа хариуд Ардчилсан нам дараагийн хоёр жилд холбооны төсвийн зардлыг танахаар зөвшөөрсөн юм.