Зургийг: С.Батсайхан
“Улаанбаатар төмөр зам” ХНН оны эхний 10 сарын байдлаар 26.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар илүү үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд экспортын 9.4 сая тонн, импортын 3.0 сая тонн, орон нутгийн 10.1 сая тонн, дамжин өнгөрөх 4.2 сая тонн ачаа тээвэрлэжээ.
Экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 39.4 хувиар өссөн бол дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 67.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь “Улаанбаатар төмөр зам” ХНН Ази-Европыг холбосон гол коридорынхоо давуу талыг ашиглаж, бүс нутагтаа байр сууриа улам бэхжүүлж байгааг илтгэж буйг тус компани онцолж байна.
“Улаанбаатар төмөр зам”-ын мэдээлснээр тээврийн хэмжээ ийнхүү эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гол үндсэн нөхцөл болох хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн аж. Тухайлбал: өнгөрсөн хоёрдугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушк боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.
Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцооны техникийн асуудлуудаар БНХАУ, ОХУ-ын талтай тодорхой тохиролцоонд хүрээд байна.
БНХАУ-ын талтай Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замын хилийн гарцаар өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш хос галт тэрэг, мөн нарийн царигаар найм ба түүнээс дээш хос галт тэрэг солилцож байхаар болсон бол Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын цахилгаан мэдээ, ярианы сувгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, аюултай ачааны баглаа боодлын чанарыг сайжруулах, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний хүчин чадлыг өргөтгөх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болжээ.