
Дэлхий даяар инфляц өндөр байж, зээлийн өртөг нэмэгдэж байгаагаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт 2023 онд үргэлжлэх хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд өндөр байна.
“Bloomberg Markets Live Pulse”-аас хөрөнгө оруулагчдын дунд хийсэн судалгаагаар 424 оролцогчийн ихэнх нь “S&P 500” индексийн уналт улам гүнзгийрнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2008 оноос хойших хамгийн огцом уналттай байгаа энэхүү индекс эргэн сэргэх төлөв бага байгаа юм.
Харин “Bloomberg Intelligence”-ийн хувьд 2000 орчим компанийг байнга ажиглаж байдаг бөгөөд энэ дундаас 2023 онд сайтар ажиглах, онцлох 50 компанийг нэрлээд байна.
2023 онд орлого нь хамгийн өндөр дүнгээр өсөх төлөвтэй байгаа 50 компаниас “Airports of Thailand”-ийн орлого хамгийн өндөр хувиар буюу 123 хувиар өснө гэж шинжээчид тооцоолж байна. Харин хэрэглэгчдийн зарцуулалт буурснаас шалтгаалан орлогын өсөлт хүлээлтээс 15 хүртэлх хувиар бага байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Ерөнхийдөө Зүүн Өмнөд Азийн жуулчид мөнгө бага зарцуулдгаас гадна инфляцаас шалтгаалаад худалдан авах чадвар нь буурчээ. Энэ нь хэдийгээр БНХАУ-аас бага тарифтай Бангкок, Чиан Май, Пукетэд аялах жуулчид түүхэн дээд түвшинд хүрсэн ч орлогын өсөлт нь хүлээлтэд хүрэхгүй байхад нөлөөлж магадгүй байгаа юм.
Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “ASML” компанийн орлого 2023 онд 20 хувиар өснө гэж шинжээчид тооцоолж байна. Харин “Bloomberg Intelligence” дэлхий даяарх борлуулалт нь 25 хувиар өснө гэж тооцоолжээ. Үүнд БНХАУ дахь өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад өрсөлдөөнд өртөх магадлал болон хоригт өртөх магадлал бага байгааг нь онцолж байгаа юм. Хөрөнгө оруулагчид энэ салбарт АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн томоохон сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн айдастай байгаа аж.