logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Европ тив хамгийн эрчимтэй дулаарч буй бүс болж, хэт халалтын дээд үзүүлэлтийг эвдсээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 21 14:20
    694

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    Европ тивийн хуурай газар болон далайн усны температур цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтдийн судалгаагаар тогтоогоод байна

    Өнгөрсөн онд Европ тивд түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун зун тохиосон нь олон мянган хүн амь насаа алдаж, далайн усны температур хэт халж, цаг уурын эрс тэс үзэгдлүүд элбэгшихэд гол нөлөө үзүүлжээ.

    Аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж хэмтэй харьцуулахад 2022 онд Европ тив цельсийн 2.3 хэмээр дулаан байсныг Дэлхийн цаг уурын байгууллага, Европын Холбооны дэргэдэх Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлтийн албаны хамтын судалгаа мэдээлсэн байна. 

    Мөн далайн гадаргын усны температур дээд цэгтээ хүрсний зэрэгцээ мөсөн голуудын хайлалт “урьд өмнө байгаагүй” хэмжээнд хүрснийг мэдэгдсэн юм. 

    Энэ хугацаанд тохиосон уур амьсгал, цаг уурын бүхий л  гамшигт үзэгдлээс үүдэн 16 мянга 365 хүн амиа алдсан байна. Үүний дийлэнх тохиолдол нь хэт халуунаас үүдэлтэй байжээ. Харин нийт хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирсан нь голдуу үер, хар шуурганаас шалтгаалжээ.

    “Бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн халуун зун боллоо. Хэт халуун температурын улмаас томоохон газар нутгийг хамраад байсан ган гачиг улам хүндэрч, ой хээрийн түймэр ширүүсэн, түүхэнд хоёрдугаарт бичигдэхүйц том талбай түймэрт шатлаа. Бас хэт халалтаас үүдэн олон мянган хүн нас барсан” хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас онцолж байна.

    Энэхүү судалгаа гарахаас ч өмнө судлаачид 2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болж болзошгүйг өгүүлж байсан юм. 

    Европ тив дэлхийн бусад тивүүдээс хамгийн хурдацтай дулаарч байгааг судалгааны баг мөн хэлж байлаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн цаг уурын гамшигт үзэгдлүүд тус тивийн эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц мөн эрүүл мэндийн үйлчилгээний системд ихээхэн дарамт болж байгаа аж. Өнгөрсөн онд хэт халалтын улмаас Европын олон оронд бүртгэгдсэн агаарын хэм дээд үзүүлэлтдээ хүрчээ. Мөн Итали, Португал, Грек улс үерийн гамшигт нэрвэгдсэн юм.

    “Уур амьсгалын өөрчлөлтийн дүнд Европ тивийн дулаарал цельсийн 2.3 хэмээр хэмжигдсэн нь цочирдом мэдээ болж байна. Европ тивд уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин өндөр хэмд хүрэх ч боломжтой байгааг энэ чиглэлийн уламжлалт судалгаанууд анзааралгүй өнгөрөх хандлагатай байдаг” хэмээн Их Британийн Ридинг Их сургуулийн уур амьсгалын судлаач профессор Уильям Коллинс онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих