
“Silver Elephant Mining” компани Монгол дахь чулуун нүүрсний “Улаан Овоо” төслийн үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд зарцуулах 192 мянган ам.доллар татан төвлөрүүлснээ мэдээллээ.
Нийт 640 мянган нэгж эрх арилжсан эхний транчийн нэгж эрх бүрд компанийн нэг нэгж хувьцаа, мөн нэгж хувьцааны хагасыг авах эрх багтаж байгаа аж. Хувьцаа авах эрхийн хувьд хоёр жилийн хугацаанд нэг нэгж хувьцааг 0.45 ам.доллароор тооцож авах эрхтэй байна.
Эхний транчаас “Silver Elephant Mining” компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли 54 мянган ам.долларын үнийн дүн бүхий 180 мянган нэгж эрх авсан байна. Үүнээс өмнө нийт 90 мянган ам.доллароор 300 мянган нэгж эрх авна гэдгээ мэдэгдэж байжээ.
Тус компани нийт 2.5 сая нэгж эрх тус бүр нь 0.3 ам.долларын үнэтэй гаргаж, 750 мянган ам.доллар хүртэлх хөрөнгө босгохоор зорьж байгаагаа зургаадугаар сард мэдэгдэж байсан юм. Босгосон хөрөнгөө Боливи улсад хийх хайгуул, мөн Монголын “Улаан Овоо” төслийн үйл ажиллагааг дахин эхлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.
Одоогоор “Silver Elephant Mining” Монголд охин компаниудаараа дамжуулан “Улаан Овоо”, “Чандгана” төслүүдийг 100 хувь эзэмшиж байна.
Тус компани энэ оны зургаадугаар сарын 30-наар эцэслэсэн II улиралд нийт 1.7 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 4.8 дахин өссөн үзүүлэлт боллоо.