
Зургийг: Matthias Hangst/Getty Images
2024 оны зуны Олимпын наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Парис хотын зочид буудлуудын урьдчилсан захиалгын үнэ зуны ердийн ханшнаасаа аль хэдийн 3.5 дахин өсөөд байна.
“Google”-ийн мэдээллээс харвал Францын нийслэлийг зорих аялагчид Олимпын наадмын үеэр гурван одтой зочид буудалд нэг хоноход 685 гаруй ам.доллар төлөхөөр байгаа нь жирийн үед долоодугаар сарын дундаж үнэ 178 ам.доллар байдагтай харьцуулахад маш өндөр өсөлт болжээ. Харин 266 орчим ам.доллар байдаг дөрвөн одтой зочид буудлын нэг хоногийн үнэ 953 ам.доллар дөхөөд байгаа аж.
Парис хот Олимпын наадмаар 11 сая гаруй зочин хүлээн авах тооцоотой байгаагаас 3.3 сая нь Парисын бүс нутгийн гаднаас болон олон улсаас ирэх тул байр сууц тулгамдсан асуудал болох төлөвтэй байна. Аялагчдад зориулж Парисын бүс нутаг даяар өдөрт 280 мянган сул өрөө гарах боломжтойг тус хотын Аялал жуулчлалын албаны төлөөлөгч мэдээлжээ.
Олимпын наадмын үеэр үнийн өсөлтийг хамгийн бага мэдрэх нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний хэрэглэгчид байхаар байна. Таван одтой зочид буудлуудын долоодугаар сарын захиалгын үнэ жирийн үед хоногт 625 ам.доллар орчим байдгаас 1607 ам.доллар болж нэмэгджээ. Хэдий тийм боловч энэ үнээр одоо "Avenue Montaigne"-д байрлалтай, цонхоороо Эйфелийн цамхаг харах боломжтой таван одтой зочид буудлын өрөөнд тухлах боломжтой юм.
Зочид буудлуудын захиалга ч хурдан дүүрч байгаа бөгөөд “MKG” судалгааны фирмийн мэдээллээс харвал Олимпын наадмын өдрүүд дэх Парис дахь зочид буудлын өрөөнүүдийн 45 хувь нь аль хэдийн захиалагдаад байгаа аж.