
- “KT Sat” компани дэлхийн хиймэл дагуулын харилцаа холбооны салбарт болон Монгол Улсад ямар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа талаар танилцуулах уу?
- “KT Sat”-ийн үйл ажиллагааг тайлбарлахын тулд юуны өмнө “Korea Telecom” компанийн талаар ярих нь зүйтэй байх. “Korea Telecom” бол БНСУ-ын харилцаа холбооны анхны компани. Үйл ажиллагаагаа 1885 оноос эхэлж байсан. Үнэхээр л БНСУ-ын цахилгаан холбооны түүхийг илтгэдэг байгууллага л даа. Тус компани маш олон чиглэлд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал: IPTV, гар утас, 4G LTE, 5G сүлжээнд үйлчилгээ үзүүлж байна. Үйл ажиллагаа нь харилцаа холбооны маш олон чиглэлд явагддаг. “KT” компани мөн олон төрлийн контент бүтээдэг. Медиа контент бол бизнесийнх нь нэг чиглэл. Та бүхэн “Extraordinary Attorney Woo” алдартай олон ангит киноны талаар дуулсан байх. Үүнийг “KT” буюу “Korea Telecom” бүтээсэн.
“KT Sat” нь “Korea Telecom”-ийн 100 хувь эзэмшдэг охин компани. 1970 онд БНСУ-д анхны газрын станцаа байгуулсан цагаас хойш тус омпани 50 гаруй жил болж байна. Эхэндээ бид БНСУ-ыг бусад тив, бусад улс орнуудтай холбохын тулд олон улсын оролцоотой ажиллаж байсан. Энэ бүхнийг олон жилийн өмнө эхлүүлсэн. Харин “KoreaSat 1” хиймэл дагуулыг хөөргөсөн үе маань 1985 он. Тэгэхээр маш урт удаан түүхтэй байгууллага.
- Танай компани Монгол Улсад ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Ямар түншүүдтэй хамтарч байгаа вэ?
- Бид Монгол Улсад бизнес эрхлээгүй. Харин “Unitel” группийн охин компани DDISH TV-тэй (ДДЭШ ТВ ХХК) удаан хугацаанд түншилж байна. 2015 оноос хамтран ажиллаж байгаа. 2017 онд бид зөвхөн Монгол Улсад зориулсан “KoreaSat 5A”-аа хөөргөсөн. Энэ маань Монгол Улсад ажилладаг байхаар хүрээг нь зааж өгсөн, зөвхөн “Unitel” группийн DDISH TV-д зориулж хөөргөсөн юм. Түүнээс хойш DDISH хэдэн 100 телевизийн сувгаа манай “KoreaSat 5A” хиймэл дагуулаар дамжуулж эхэлсэн. 2015 онд бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн гэхээр одоо хэдийн найман жил өнгөрсөн байна. Хамтарч үйл ажиллагаагаа явуулаад бараг долоон жил болжээ. Манай компани зөвхөн DDISH-т зориулсан хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж, компани ч 100 гаруй сувгаа HD форматаар цацсаар байна.
Бизнесийн нөгөө хэсэг нь “Unitel” компанид үзүүлж байгаа дата үйлчилгээ. “Unitel”-ийн хувьд Монгол орон даяар 4G LTE сүлжээнд зориулсан олон үндсэн дамжуулагч станцуудтай. Ихэнх нь шилэн кабель, гэхдээ зарим газруудад шилэн кабель биш хиймэл дагуулаар сүлжээнд холбогдож байгаа. Энэ бол одоо бидний DDISH TV-тэй хамтарч байгаа бас нэг чиглэл юм.
- Гурван сая гаруй хүн амтай Монгол Улс бол харьцангуй жижиг зах зээл. Монголын зах зээлээс ямар боломж, сорилтуудыг харж байна вэ?
- Монголын зах зээлд боломжууд байна гэж харж байна. Монгол Улс LTE сүлжээнээс 5G сүлжээнд шилжилт хийхийг зорьж байгаа шүү дээ. 5G сүлжээгээр мэдээлэл дамжуулахад 10 дахин их багтаамжийн урсгал шаарддаг. Хамрах хүрээний хэмжээ 3G-ээс LTE, 5G хүртэл улам багассаар байгаа. 6G ч тэр, бид БНСУ-д 6G сүлжээг 2030 он гэхэд нэвтрүүлэхээр судалж байна. Үндсэн дамжуулагч станцуудын хэмжээ улам цөөрсөөр байгаа ч шаардагдах хүчин чадлын хэмжээ нь томорсоор байна.
Шилэн кабель ч мөн харилцаа холбооны үндсэн хэрэглэгдэхүүн мөн. Хэдий тийм боловч байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлт зэрэг учирч болзошгүй эрсдэлийг тооцон өөр технологитой байх хэрэгтэй. Тэгэхээр хиймэл дагуул бол одоогоос эхлээд ирээдүйн харилцаа холбоонд заавал байх ёстой бүрэлдэхүүн хэсэг юм. БНСУ бол дэлхийн хамгийн сайн харилцаа холбооны сүлжээтэй улсуудын нэг. Манайд янз бүрийн байгалийн гамшиг тохиолдлоо гэхэд ашиглах, хиймэл дагуул болон бусад сүлжээний нөөц байдаг.
- Илүү өргөн хүрээг хамарсан бүс нутгийн эсвэл олон улсын хамтын ажиллагаа танай компанийн өсөлтөд хувь нэмрээ хэрхэн оруулна гэж харж байна вэ?
- Манай компани одоо үед геостационар тойрог замаас сүлжээ нийлүүлдэг. Энэ нь манай хиймэл дагуул дэлхийн гадаргуугаас 36000 км-ын зайд байрлаж тойрог замд дэлхийтэй адил хурдаар эргэдэг гэсэн үг. Тэгэхээр хөдөлгөөнгүй хиймэл дагуул шиг харагддаг. Та нар сүүлийн үед “SpaceX”, “Starlink” компаниудын үйл ажиллагааны талаар олон зүйлс сонссон байх. Мөн “Amazon” компани “Kuiper” төслийнхөө хүрээнд туршилтын хиймэл дагуулаа дараа жил хөөргөхөөр төлөвлөж байгаа. Олон тоглогчид энэхүү зах зээлд нэвтэрч байна. Энэ салбарт шинэ жишиг тогтож байна гэж хэлж болно.
Тэд арай өөр төрлийн технологитой. Жишээлбэл: “SpaceX” компани эцэстээ гэхэд 42 мянга хүртэлх хиймэл дагуулаар 30-иас илүү терабайт урсгал бий болгохоор төлөвлөсөн. Харин бид бол бүс нутгийн хэмжээнд тэдэнтэй хамтарч үйлчилгээ үзүүлдэг ханган нийлүүлэгч нь. Нууцлалын гэрээний дагуу нарийн мэдээллүүдийг хэлэх боломжгүй. Бид энэ оны эцсээр зах зээлд үйлчилгээгээ танилцуулахаар салбарын нэг томоохон олон улсын тоглогчтой хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ нууцлалын гэрээний дагуу тухайн компанийн нэрийг нь хэлж болохгүй. Ямар ч байсан нэвтрүүлэх гэж байгаа.
Миний бодлоор Монгол Улс ч гэсэн төстэй нөхцөл байдалтай. Учир нь одоо “Starlink” зэрэг шинэ тоглогчид зах зээлд орж ирж байна. Хоёр жилийн дараа “Amazon” зэрэг бусад тоглогчид ороод ирэх байх гэх мэтээр. Бидний гол зорилго бол бүх системийг нэг платформд нэгтгэх. Тодруулбал: БНСУ-аас өөрсдийн GEO систем болон өөр талаас NON-GEO системүүдийг нэг платформ дээр нэгтгэж үйлчилгээ үзүүлэх. Үүний ирээдүйг төсөөлбөл бүх объект, бүх хүн ямар нэгэн замаар холбогдох шаардлагатай болно.
Холбогдох, харилцаа холбоо гэдэг хүн бүрийн хувьд чухал хэсэг. Магадгүй ямар төрлийн сүлжээ ашиглаж байгаагаа тоохгүй байж магадгүй. Шилэн кабель, 4G, 6G, хиймэл дагуул ч байж болно. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь бид олон төрлийн системийг нэг платформ руу шилжүүлж нэгтгээд үйлчилгээгээр хангаж байгаа юм. Үүнийг бид “Hybrid” систем гэж нэрлэж байгаа. Өөрсдийн болон өөр төрлийн холболтыг хуурай газрын сүлжээнд нэгтгэж, эцэст нь бүх төхөөрөмжийг холбох нь бидний эцсийн зорилт юм.
- Дэлхий дахины хиймэл дагуулын холбооны чиг хандлагын хувьд "КТ Sat"-д ирэх жилүүдэд ямар сорилт, боломжууд гарна гэж харж байна вэ?
- Хөрөнгө оруулалтын зардал бол одоо хүртэл гол сорилт байсаар байна. Бид нэг GEO хиймэл дагуулын системтэй байлаа гэхэд зөвхөн нэг хиймэл дагуулын системийн өртөг нь 200 сая ам.доллар байна. Дэлхийг хамарсан нам өндрийн хиймэл дагуулын системийн өртөг нь магадгүй хэдэн тэрбум ам.доллар давна. Тэгэхээр энэ нь цөөн хэдэн компани л энэ өрсөлдөөнд оролцох боломжтой болгоод өгчхөж байгаа юм. Мөн бид үйлчилгээгээ шилэн кабельтай адил хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй. Хэдий тийм боловч хиймэл дагуул систем хөгжүүлэх, хөөргөх зардал, даатгал гээд бүх зүйл өртөгтэй.
Харин “Starlink”-ийн хувьд тун боломжийн. Тэд бүхнийг өөрсдөө хийдэг. Төхөөрөмжөө өөрсдөө хийгээд, өөрсдөө хөөргөөд, түүнийгээ дахин ашиглаж болдгийг ч зарласан. Харин бусад тоглогчдын хувьд эцэст нь хэрэглэгчдэд хямд, боломжийн үнээр үйлчилгээ үзүүлэхэд өртгийн хувьд хүндрэл байсаар байна. Энэ бол давж гарах шаардлагатай нэг хүндрэл.
Одоо үед технологи үсрэнгүй хөгжсөөр байна. Энийгээ дагаад үнэ нь ч буурч байгаа. Гэсэн хэдий ч газрын сүлжээтэй харьцуулахад илүү үнэтэй хэвээр байна. Эцсийн эцэст бид газрын сүлжээтэй ойролцоо үнээр хэрэглэгчдийг хангах ёстой. Тэгж байж хүн бүр хэрэглэх боломжтой болно. Миний бодлоор ирээдүйд харилцаа холбооны гол хэрэгсэл болох болов уу гэж бодож байна.
- Таны хувьд Монголд бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө байгаа юу? Энэ удаагийн ирсэн зорилгынхоо талаар?
- Тийм ээ, одоогийн байдлаар бид олон суваг дамжуулах болон дата үйлчилгээний салбарт “Unitel” групптэй хамтран ажиллаж байгаа. Бид тун удахгүй 5G нэвтэрнэ гэж харж байна. Гэхдээ энэ нь Монгол орон даяар байх ёстой. Бидний хувьд MEO буюу дунд өндрийн орбитын хиймэл дагуулын системд стратегийн хөрөнгө оруулагчаар орсон. Энэ нь 2026 онд ажиллаж эхлэх товтой байгаа. Тэгэхээр бид өмнө тайлбарласан шийдлийг шинэ үеийн тооцооллын технологитой хамтран хэрэгжүүлэх юм.
Магадгүй 2025 онд биеллээ олох байх. Тиймээс хиймэл дагуулын систем болон технологийн шийдэл 2026 онд бэлэн болсноор “Unitel”, “Mobicom” зэрэг түншүүдэд маань хөдөө орон нутгийг интернэт сүлжээнд холбох илүү дээр боломж нөхцөл үүсэх юм.