
Зургийг: kincoracopper.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Татварын ерөнхий газраас ногдуулсан 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандсанаа мэдээллээ. 2023 оны гуравдугаар сард гаргасан “Kincora Copper”-ийн хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүх хүлээн авсан байна.
Гурван жилийн турш үргэлжилж байгаа татварын маргааны асуудлаар энэ оны тавдугаар сард Дээд шүүх сонсгол зохион байгуулсан аж. Үр дүнд нь хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар тус компани мэдээлэв.
2021 онд “Kincora Copper”-ийн Монгол дахь охин компани “Golden Grouse Ibex”-д Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2.7 тэрбум төгрөг буюу 800 мянга орчим ам.долларын татвар ногдуулсан юм. Дөрвөн хэсгээс бүрдэх энэхүү татварын гурвыг нь “Kincora Copper” төлөхийг эсэргүүцэж, зөвхөн “Golden Grouse Ibex”-тэй нэгдэх хэлцэлтэй холбоотой татвар буюу 16.2 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.