
Зургийг: Apple
"iPhone"-ийн дараагийн загвар гарах хүртэл худалдан авагчдын сонирхлыг өндөр хэвээр байлгахад чиглэсэн байнга хэрэглэдэг аргаа "Apple" компани энэ удаа давтаж, шинэ өнгөтэй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тус компани өмнөх жил зах зээлд гаргасан "iPhone" ухаалаг гар утасныхаа борлуулалтыг сэргээхийн тулд дараагийн загварыг танилцуулахаасаа хагас жилийн өмнө буюу хугацааны дунд шинэ өнгөтэй хувилбараар шинэчилдэг уламжлал бий болоод байгаа юм.
"iPhone 14" болон "14 Plus"-ийн шар өнгөтэй хувилбар нь одоогийн хөх, нил ягаан, улаан, хар, цагаан өнгөнүүд дээр нэмэгдэх аж.
Шар өнгөтэй "iPhone 14"-ийн урьдчилсан захиалга энэ сарын 10-наас эхэлж, 14-ний өдрөөс худалдаалагдаж эхлэх юм байна. Үнийн хувьд 799 ам.доллароос эхэлнэ.
Үүнээс гадна “Apple” компани БНЭУ-д бизнесээ тэлэхэд илүү төвлөрөх зорилгоор олон улсын менежментийн бүтцэдээ өөрчлөлт хийж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Ингэснээр БНЭУ анх удаа “Apple”-ийн борлуулалтын бүс нутаг болох юм.
Хэдийгээр өнгөрсөн улиралд тус компанийн борлуулалт таван хувиар буурсан ч Энэтхэг улс дахь борлуулалт нь шинэ дээд түвшинд хүрчээ.
“Apple” компани тус бүс нутагт үйлчлэх цахим дэлгүүр байгуулж, энэ оны эцсээр Энэтхэг улсад албан ёсны дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал "Apple" компани БНЭУ-ын зах зээлд ихээхэн анхаарал хандуулж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук сүүлд хийсэн мэдэгдэлдээ онцолж байв.
Тус компанийн Энэтхэг, Ойрх Дорнод, Зүүн Европ, Африкийг хариуцсан дэд Ерөнхийлөгч Хьюэс Ассеман албан тушаалаа хүлээлгэн өгсөнтэй зэрэгцээд “Apple” компани ийнхүү стратегийн өөрчлөлт хийж байгаа аж.