
Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-ийг танилцууллаа.
Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсын жагсаалтыг Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд тэргүүлж байна. Харин өрсөлдөх чадвар хамгийн сул улсаар өмнөх жилийн адил Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл нэрлэгдлээ. Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан байна.
Монгол Улсын хувьд дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр нийт 100 оноо авахаас 35.56 оноо авч тайланд хамрагдсан 64 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өмнөх оноос нэг байраар ухарсан үзүүлэлт болж байна.
Үндсэн дөрвөн хүчин зүйлийн үзүүлэлтийг харвал эдийн засгийн тамир тэнхээнээс бусад хүчин зүйлүүд байр ахиагүй байна. Тодруулбал: эдийн засгийн тамир тэнхээ нэг байраар урагшилсан бол засаглалын үр ашиг, дэд бүтэц тус бүр нэг байраар ухарчээ. Харин бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гурваар ухарсан байна.
Үүнд нөлөөлсөн сул үзүүлэлтэд экспортын түншийн төвлөрөл, эдийн засгийн сорилтыг сөрөх чадвар, Төрийн өмчийн аж ахуйн нэгж, хүнд суртал, санхүүгийн ур чадвар зэрэг багтаж байна. Харин сайн үзүүлэлтэд оффисын түрээс, бараа, бүтээгдэхүүний экспорт, төсвийн ашиг/алдагдал зэрэг багтжээ.
Монгол Улсын 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өсөж байсан бол 2019 оноос хойш буурч Ази, Номхон далайн 14 улсаас 14 дүгээрт жагссан байна. Бусад үзүүлэлтээс харвал нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20 мянган ам.доллароос бага 24 улсаас 22 дугаарт орсон байна.
Үүнээс гадна 2023 онд инфляцын түвшин өндөр байгаатай холбоотойгоор Төв банк зээл олголтоо хумьж магадгүй гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв мэдээллээ.
Мөн валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулна. Түүнчлэн сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй гэж дүгнэсэн байна.