logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    НӨАТ оролдож болохгүй татвар уу, "харгис" татвар уу?
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 10:15
    540

    Зургийг: Б.Бат-Очир

    Дэлхийн банкнаас 2019 онд гаргасан “Хэтийдсэн өр зээлгүйгээр өсөх нь - Орлого, зарцуулалтын үр ашгийг сайжруулах асуудал” тайланд дурдсанаар Монгол Улсын хувьд НӨАТ нь тэгш байдлыг сулруулах нөлөөтэй байна. Учир нь өндөр орлоготой бүлэгтэй харьцуулахад орлого багатай хэсэгт илүү хүнд дарамт болж байгаа аж. НӨАТ-тай холбоотой асуудлаар Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав болон Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурийг хүргэж байна.

    Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав 

    - 2016 оноос хойш НӨАТ-ын систем үйлчлээд явж байгаа. Одоо болтол шийдэгдээгүй асуудал олон. Системийн шинэчлэл дээр цаг алдаж байна уу?

    - Тухайн үед 1600 кассын машин байсан бол өнөөдөр нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) хэвлэх 400 мянган машинтай болжээ. Төлбөрийн үйлчилгээг харвал 2016 онд 93 хувь нь бэлэн мөнгө, долоон хувь нь картаар тооцоо хийдэг байсан бол өнөөдөр 99.9 хувь нь картаар, 0.3 хувь нь  бэлэн мөнгөөр тооцоо хийдэг болсон байна. 2016 онд 400 сая талон бүртгүүлж, 47 их наяд төгрөг бүртгэгдэж байлаа. Харин жилийн өмнөх мэдээллээр 600 сая талоны ард  97 их наяд төгрөг тэмдэглэгдэж буй. Энэ бол НӨАТ-ын хуулийн үр дүн. НӨАТ бол бүртгэлийн системээр дамжуулан, эцсийн ажил үйлчилгээнээс нэмэлт татвар авч, буцааж өгөх замаар бусад татварынхаа орлогыг цуглуулдаг. Энэхүү системийн дараагийн түвшинд аваачих, илүү хөгжүүлэх үйл явцыг эх баригчид зогсоосон.  

    - НӨАТ зах,  худалдааны төвүүдэд нэвтрээгүй шүү дээ. Энэ тал дээр?

    - 2016 онд Засаг авсан хүмүүс энэ системийн үйл ажиллагааг ойлгоогүй учраас зах худалдааны төвүүд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зэрэг хамруулах үйл явцыг зогсоосон. Анх хийхдээ зах, худалдааны төвүүдэд QR код унших гээд бүх л аргачлалыг боловсруулсан байлаа. Зөв систем байсан учраас өнгөрсөн хугацаанд  өөрийгөө хөгжүүлээд явсан. 200 мянган кассын машиныг бий болгохын тулд 2017, 2018 онд компаниуд 324 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргасан. Харин 2015 онд улсаас дөрвөн тэрбум төгрөг гарсан. Хувийн хэвшлүүд энэ системийг бий болгохын тулд маш их мөнгө гаргасан. 

    Би Сангийн сайд, Ерөнхий сайдад “НӨАТ-ын системийг дараагийн түвшинд гаргаач ээ” гэж байнга хэлдэг. Зах, худалдааны төвүүд, махны, ноосны, хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг НӨАТ-ын системд оруулахгүй байгаагийн цаад шалтгаан нь Засаг барьж буй хүмүүс далд эдийн засгийг дэмжиж байгаад оршиж байна. 

    Дэлгүүрүүд “НӨАТ-аа хасуулаад авах уу” гэдэг нь хяналтын систем бүртгэлийг Төр зөв ашиглахгүй учраас замхрах буюу уйдах үйл явц бий болж,  аж ахуйн нэгжүүд орлогоо нууж байгаа юм. Татварын газрын зүгээс орлогоо нуувал ямар хүндрэл учрах талаар таниулахгүй байна. Банкны системээр тухайн аж ахуй нэгжийн картыг уншуулахад л бүх орлого нь гарч ирнэ. Тэгтэл татварынхан үүнийг хэлэхгүй байж байгаад, 2-3 жил болсны дараа аж ахуйн нэгжийг дарамталж авлига авдаг. Энэ бол татвар дээр гардаг хавдарт өвчин юм. Татварын газраас сүүлийн таван жил НӨАТ-ын давуу талыг тайлбарласныг олж харсангүй. 10 хувийг иргэд хоорондоо зохицдогийг тэд мэддэг ч хэлдэггүй. 

    - НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг нэмэгдүүлье гэсэн саналыг иргэд хэлдэг. Энэ нь боломжтой юу?

    - НӨАТ-ын буцаалтыг иргэдэд ахиухан өгөх  ёстой. Тухайн татварын 20 хувь, нийт орлогын хоёр хувийг буцааж байгаа. Үүнийг 40, 50, 60 хувь болгож, зарим салбарт 100 хувь буцааж өгөх боломжтой. Тухайлбал: орон сууц худалдан авсан бол НӨАТ-ын татвараа 100 хувь, Улаанбаатарын гадна үйлчилгээ авбал НӨАТ-аа 80 хувь буцаан авах боломжтой гэх зэргээр олон янзаар шинэчилж, сайжруулах хэрэгтэй. НӨАТ бол бүртгэлийн системээр дамжуулан, эцсийн ажил үйлчилгээнээс нэмэлт татвар авч, буцааж өгөх замаар бусад татварынхаа орлогыг цуглуулдаг систем. 

    НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй хамгийн том шалтгааныг хэлье. Монголд 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна. Сард дунджаар нэг их наяд төгрөгийн цалин авдаг. Жилдээ 12 их наяд төгрөг гэсэн үг. Нэг их наяд төгрөгийн цалингаасаа таван төрлийн татвар, даатгалаа бүгдийг төлнө. Өөрөөр хэлбэл татвараа төлсөн, даатгалаа төлсөн, үлдэх мөнгөнөөсөө дэлгүүр ороод үйлчилгээ авахдаа 10 хувийн татвар дахин төлж байна. Энэ талаас нь харвал их харгис татвар. Тиймээс АНУ, Японд энэ татварыг 1.5 хувиас дээш хэтрүүлдэггүй, аль болох нэг рүү тэмүүлүүлдэг. Европын улсуудад 15 хувь байдаг ч бусад татвар нь бага байдаг.

    Төрийн хувьд ажил үйлчилгээндээ энэ жилдээ есөн их наяд төгрөг зарцуулж байгаа. Төр өөрийнхөө худалдан авалтын НӨАТ-аа 100 хувь буцааж авах хэрэгтэй. Ингэснээр Төрийн ажил үйлчилгээний голоос мөнгө хусдаг гарууд алга болно. Авлига буурна. 

    Мөн гаалиар оруулж ирж буй импортын бараануудад НӨАТ төлдөг. Гаалийн татвар тав, НӨАТ 10 хувь төлж байна. Дунджаар 17.2 хувийг гааль дээр төлж, импортын бараагаа оруулдаг. Энэ нь явсаар худалдан авагч буюу хувь хүний төсөвт суурилдаг.  Гааль дээр таван хувиа төлөөд орох ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн суурийг  мөнгөн суурин дээр шилжүүлэх цаг болсон.  

    Сангийн сайд Б.Жавхлан: 10-аас доош НӨАТ-ын хувьтай 10-хан улсын нэгд Монгол Улс багтдаг

    Салбарын хууль орохоор араас нь НӨАТ-ын хуулийг дагалдуулан, хөнгөлөлт ярьдаг. Тухайн салбарын хөнгөлөлт нь бодит хөнгөлөлт болж чаддаггүй. Ялангуяа нэг бүтээгдэхүүнийг дагасан хөнгөлөлт бол ижил төрлийн бүтээгдэхүүнээ чирч, өртгийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийн сүлжээ бий болгох хандлагатай байдаг.  Тиймээс бид 10 гаруй жил арай хийн тогтоож ирсэн эерэг зөв хандлага руу явж байгаа НӨАТ-ын орчноо хамгаалаад явах нь үр ашигтай. НӨАТ нэгэнт л  төсвийн орлогын 25-30 хувийг бүрдүүлж байна. Энэ утгаараа хамгийн тогтвортой уул уурхайгаас хамаарал багатай уламжлалт томоохон төсвийн орлого юм. 

    НӨАТ бол сонгодог татвар. Дэлхийн 165 улс  НӨАТ-ын системтэй. 10-аас доош НӨАТ-ын хувьтай 10-хан улсын нэгд Монгол Улс багтдаг. Хоёр хувийг буцаагаад өгчихдөг учраас найман хувь гэсэн үг. Манай хоёр хөрш болон Европт 15-аас дээш хувьтай байх жишээтэй. 

    Шри-Ланк улсын улс төрчид нь 2019 онд попролтоо барьж дийлэхгүй 15 хувь байсан НӨАТ-ыг найман хувь болгоод гадаад өрийн дарамтад орж, улмаар дефолт зарласан. Ингээд гуравхан жилийн дараа буюу 2022 онд буцаан 15 хувь болгосон байдаг.  Тиймээс л НӨАТ оролдож болохгүй татвар байсаар ирсэн. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс НӨАТ-аар оролдохгүй байх зөвлөмж гаргасан. 

    Cэтгэгдэл бичих