Зургийг: Alessandro Rampazzo/AFP/Getty Images
2022 онд Украины дайны улмаас Европын орнууд цэрэг армийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлснээр дэлхийн улсуудын батлан хамгаалахын зарцуулалт дээд түвшинд хүрлээ.
Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зарцуулалт 3.7 хувиар өсөж, 2.24 их наяд ам.доллар давсан гэж “SIPRI” буюу Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн тооцоолсон байна.
Жилийн өсөлтийн тал орчим хувийг Украины батлан хамгаалахын төсөв бүрдүүлснийг судалгаа харуулж байгаа аж. Түүнчлэн цэрэг зэвсгийн төсөв Европ даяар өсөөд байгаатай зэрэгцэн Зүүн Азид ч мөн хурцадмал байдлын улмаас зарцуулалт нэмэгдсэнийг шинжээчид онцолжээ.
Ингэснээр төв болон баруун Европын улсуудын батлан хамгаалахын зарцуулалт анх удаа 1989 оны түвшнийг давсан байна. Энэ нь дэлхий хүйтэн дайны үетэй төстэй нөхцөл байдал руу шилжиж буйн дохио болж байгаа аж.
Финланд болон Швед улс батлан хамгаалахын төсвөө хамгийн өндөр дүнгээр өсгөсөн улс орнуудын эгнээнд жагсаад байна. Тухайлбал: NATO-ийн 31 дэх гишүүн улс болоод буй Финланд байлдааны “F-35” онгоцнуудыг худалдан авснаар батлан хамгаалахын төсөв нь өнгөрсөн онд 36 хувиар өсжээ.
Бусад цэргийн эвслийн гишүүн орнуудын төсөв 2021 оноос 0.9 хувиар өсөөд байгаа аж.
Харин Ойрх Дорнодын хувьд Саудын Арабын зарцуулалт 16 хувиар өссөнөөр дэлхийд батлан хамгаалахын төсвөөрөө тавдугаарт бичигджээ. Мөн зэвсгийн нөөцөө тэлэхээр зорьж буй Катар улсын батлан хамгаалахын төсөв 27 хувиар өссөн аж.
Одоогоор АНУ дэлхийн хамгийн өндөр батлан хамгаалахын төсөвтэй улс хэвээр байна. 2014 оноос хойш дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардал найман жил дараалан өсөөд байгаа юм.