logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Захирлын тань дүрд хувирч видео дуудлага хийх нь цахим залилагчдын дараагийн арга мэх болох нь...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 29 16:55
    1084

    Зургийг: Philip Keith for Bloomberg Businessweek

    Кибер гэмт хэрэгтнүүдийн "зэвсэглэл"-д хамгийн сүүлд нэмэгдсэн технологийн нэг нь дуу хоолойг хиймлээр үүсгэх программ хангамж болоод байна

    Кибер гэмт хэрэгтнүүд хүмүүсийг хуурч болох шинэ арга замуудыг зогсолтгүй эрэлхийлсээр байна. Тэдний "зэвсэглэл"-д хамгийн сүүлд нэмэгдсэн технологиудын нэг нь дуу хоолойг хиймлээр үүсгэх программ хангамж болжээ.

    2019 онд Их Британийн эрчим хүчний нэгэн компанийн Гүйцэтгэх захирал цахим залилагчид 220 мянган евро алдаж байжээ. Герман дахь толгой компанийнх нь захиралтай яг ижилхэн хоолойтой нэгэн түүн рүү залгаж, Унгарын нэгэн ханган нийлүүлэгчид мөнгө гуйвуулахыг хүссэн байна. Хуурамч дуу хоолойг хиймэл оюун ашиглан бүтээсэн болохыг хохирогч компанийн даатгагч "Euler Hermes"-ийн залилангийн гэмт хэргийн мэргэжилтэн Рюдигер Кирш мэдээлжээ.

    Хакерууд дүрс бичлэг, хиймэл оюуныг хослуулан юу хийж чадах тал дээр кибер аюулгүй байдлын зарим мэргэжилтнүүд санаа чилээсээр өдийг хүрчээ. Наад зах нь захирлын тань "дүрд хувираад", таны нууц үг юу болохыг асууж болно. Өдгөө хиймэл оюунт программ хангамж иймэрхүү бичлэгийг тухайн цаг хугацаанд нь шууд хийж гүйцэтгэх чадалтай болсон тул боссын тань дүрд хувирсан хакер тантай "Zoom"-ээр ярилцах боломжтой гэсэн үг юм. 

    Наймдугаар сарын 17-нд "Google"-ийн эзэмшдэг кибер аюулгүй байдлын "Mandiant" компани цахим орчинд "deepfake" гэж нэрлэгддэг хуурамч бичлэгийн технологийг залилангийн зорилгоор загварчилж, борлуулж байсан анхны тохиолдлыг илрүүлж бүртгэжээ. 

    Мэдээллийн аюулгүй байдлын "CyberArk Software" компанийн ТУЗ-ийн дарга Уди Мокади саяхан энэ төрлийн халдлага хэр том хор хохиролтой байж болохыг мэдсэнээ хуваалцжээ. Долоодугаар сарын 20-нд "Microsoft Teams"-ээр ирсэн нэгэн видео зурвасыг нээтэл тэрбээр өөрийн хуурамч хувилбартайгаа нүүр тулгарчээ. "Би бүр алмайрчихсан. Юүдэнтэй цамц өмссөн би яг өрөөн дотроо сууж байлаа" хэмээн тэрбээр дурсаж байв.

    Уди Мокадигийн ажилтнуудын нэг нь тус бичлэгийг бүтээсэн байжээ. "CyberArk"-ийн эмзэг байдлын судалгааны менежер Гал Зрор үнэгүй хиймэл оюунт генератив хэрэглүүр ашиглаж Мокадигийн дүрийг шинээр бий болгосон байна. Эхэндээ юу хийх боломжтойг нь мэдэж авах зорилготой байсан тэрбээр эцэст нь захиралдаа анхааруулга болгохоор шийдсэн аж. 

    Ажлын бус судалгааныхаа хүрээнд Гал Зрор дараа нь "deepfake" чиглэлд алдаршсан цахим форумуудаар зочилж үзжээ. Бодит цаг хугацаанд "deepfake" бичлэг хийхэд эн тэргүүнд “Nvidia” зэрэг компанийн үйлдвэрлэсэн хүчирхэг график карттай компьютер хэрэгтэйг тэрбээр мэдэж авчээ. Түүнчлэн шаардлагатай хэрэглүүрийг сургахад утасны ярианы бичлэг, видео үзүүлэн, гэрэл зураг гэх мэт их хэмжээний дата хэрэгтэйг мэдсэн байна.

    Лас Вегаст болсон энэ оны “Def Con” хакеруудын чуулга уулзалт дээр Гал Зрор өөрийн ажлаа танилцуулжээ. Тэрбээр өөрийгөө чуулганы зохион байгуулагч, алдарт хакер Жефф Моссын дүрд хувиргахад оролцогчид нижигнэсэн алга ташилтаар баяр хүргэж байлаа. 

    Уди Мокадигийн хэлснээр "CyberArk"-ийн 2800 ажилтан бүгд технологийн мэдлэг сайтай тул хуурамч бичлэгийг хялбархан таньж чадах аж. "Гэхдээ бид “IBM”, “Walmart” ч юм уу, “Fortune 500”-ийн аль нэг компани шиг хэмжээтэй байсан бол энэ нь жинхэнэ санаа зовоох асуудал болох байлаа. Магадгүй 30,005 дахь ажилтан маань хууртагдаж магадгүй шүү дээ" хэмээн тэрбээр хэлж байлаа.

    Cэтгэгдэл бичих