
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн барцад үргэлжилж, удаан хугацаанд дээсэн дөрөөн дээр дэнжгэнэсэн “Country Garden” компани ам.долларын бонддоо анх удаа дефолт зарлалаа. Нэгэн цагт улсдаа үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэлтээр тэргүүлж байсан тус компани ийнхүү хямарснаар гарч болох хохирлын далайц зөвхөн БНХАУ-ын эдийн засгаар хязгаарлагдахгүй нь.
Ээлжит хохирол: “Country Garden”
Тус компанийн хийх ёстой 15.4 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн эцсийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсноор төлбөрийн чадваргүй болсон нь албан ёсоор баталгаажиж байна. Есдүгээр сарын 17-нд компани эргэн төлөлтөө хийх хугацаагаа 30 хоногоор сунгуулах зөвшөөрөл аваад байсан ч байдал дээрдсэнгүй ийнхүү дефолтод хүргэжээ.
Ингэснээр БНХАУ-ын түүхэнд байгаагүй том бүтцийн өөрчлөлт тус компанид хийгдэх магадлалтай болж байна. Харин “Country Garden” компани дотооддоо гаргасан юанийн бондууддаа албан ёсоор хараахан дефолт зарлаагүй бөгөөд өнгөрсөн сард нийт 14.7 тэрбум юанийн есөн бондынхоо эргэн төлөлтийг мөн хойшлуулахаар болсон юм. Сүүлийн байдлаар “Country Garden”-ийн ам.долларын бондууд ердөө таван цент орчмоор үнэлэгдэж байгаа бол хувьцааны ханш нь он гарсаар 74 хувиар унажээ.
Хүчин мөхөстөв
“Evergrande”, “Country Garden” зэрэг БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн гол хөгжүүлэгч компаниуд шил даран дефолт зарлаж, тус салбарт үүссэн өрийн хямрал дөрөв дэх жилтэйгээ золгож байна. БНХАУ-ын эрх баригчид сүүлийн саруудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг зөөллөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэргээр аль болох зөөллөх арга хэмжээнүүд аваад байв. Гэтэл энэ нь нөхцөл байдлыг эерэг тал руу эргүүлэхэд хангалттай байсангүй. Өнгөрсөн долоо хоногт гарсан тайлангаас харвал оны эхний есөн сард тус улсад орон сууцны хөрөнгө оруулалт 9.1 хувиар буурчээ.
Ерөнхийдөө сүүлийн гурван жилийн хугацаанд энэ салбарыг аврах БНХАУ-ын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нэмэр болохоос илүү нэрмээс болсон гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд тус улсын орон сууцны зах зээл 10 хувиар агшиж, салбарын хувьцаанууд нь цар тахлын дараах сэргэлтээр олж авсан бүх өсөлтөө алдсан байна.
Хөдөлгүүр биш хүнд ачаа болов
БНХАУ 1998 онд орон сууцны зах зээлээ бүрэн хувьчилснаас ердөө долоон жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүн нь хоёр дахин өсөж байв. Тухайн жилүүдэд бүтээн байгуулалт асар хурдацтай явагдаж, хөдөө орон нутгаас сая сая иргэн хот руу шилжиж, үл хөдлөх хөрөнгийн үнэ зөвхөн дээшээ чиглэлтэй байдаг гэсэн хөдөлшгүй ойлголт үүсээд байлаа. Тайлан тэнцэл нь зөвхөн үнийн өсөлт, гүйлгээний дүн дээр тулгуурлаж байсан хөгжүүлэгч компаниудын энэ байдал хэзээ нэгэн цагт дуусах ёстой байжээ.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зарчмын тухайд гэвэл хөгжүүлэгч компаниуд төслөө баталмагцаа урьдчилсан захиалга авч, худалдан авагчдаас татсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг тэр даруй газар худалдан авахад зарцуулдаг. Борлуулалт гэнэт унах хүртэл энэ зарчим асуудалгүй ажиллаж байжээ.
БНХАУ-ын эдийн засаг ганхвал…
Өдгөө БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том хэсгийг буюу 20 орчим хувийг бүрдүүлж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал эдийн засгаа бүхэлд нь ганхуулах аюул бий. Энэ хямралын нөлөөлөл зөвхөн БНХАУ-д бус дэлхийн эдийн засгийн өсөлтөд илрэхийг Олон Улсын Валютын Сан өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэж байв.
“ANZ Group”-ийн мэдээлснээр БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн гарцын 37 хувь нь орон сууцны салбарт, 60 гаруй хувь нь барилга угсралт, бүтээн байгуулалтад зориулагддаг аж. Энэ онд БНХАУ-ын орон сууцны салбар дахь гангийн эрэлт 22 хувиар унаж, 275 сая тонн болохыг тус групп энэ зуны эцсээр тооцоолсон байна.
Тиймээс гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний экспортоо ирэх онд 60 сая тонн хүргэх зорилт тавьж, төсвөө түүнд нийцүүлэн тэлээд буй Монгол Улс урд хөршийнхөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нүд салгалгүй ажиглах шаардлага гарч ирж байна. Төсвийн орлогын төсөөллөө хэт өөдрөг гаргадаг, төсвөө алдагдалтай баталдаг зэрэг нь Монгол Улсын өрийн дарамт нэмэгдэхэд нөлөөлсөөр байгаа юм.