
Зургийг: Noriko Hayashi/Bloomberg
Эико Хигүчи осолд орж тэргэнцэр дээр суудаг болсныхоо дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг микрофоны үйлдвэрт ажилд оржээ. Тэрбээр 35 жилийн дараа үйлдвэрийнхээ мастер урлаач болсон бөгөөд бүтээсэн микрофоныг нь Dr.Dre (Доктор Дре) зэрэг хөгжмийн салбарын алдартнууд хэрэглэж байна.
Эико Хигүчи “Sony” группийн охин компанид ажилладаг бөгөөд энэ үйлдвэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрны тэгш боломжоор хангах зорилготой байгуулагдаж байжээ. Энэхүү төсөл нь хамтран үүсгэн байгуулагч Масарү Ибүкагийн сайн дураараа эхлүүлсэн төсөл бөгөөд тэрбээр Японд нийтлэг түгсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх буруу ойлголтыг залруулахын тулд “Sony Taiyo” нэгжийг байгуулжээ.
Бие махбодын хувьд ялгаатай бэрхшээлтэй ажилтнууддаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд “Sony” компани үйлдвэрийн талбайдаа өвөрмөц зохион байгуулалт хийсэн байна. Үүнд уламжлалт урсдаг зам болон нэгэн ижил сандал, ширээний оронд нэг хүний үйлдвэрлэлийн арга нэвтрүүлжээ.
“Sony Taiyo”-ийн олон бүтээгдэхүүн шат дамжлагагүйгээр нэг л хүний гараар хийгддэг. Бүх багажийг гар хүрэх зайд байрлуулж, тухайн хүнд тусгайлан зассан ажлын ширээнд ажилтан эд анги угсрахаас савлах хүртэлх бүх ажиллагааг дангаараа гүйцэтгэдэг байна.
Үйлдвэрлэлийн энэхүү арга барилд шилжсэн нь эцсийн бүтээгдэхүүний чанарт ч эергээр нөлөөлжээ. Учир нь аудио төхөөрөмж үй олон эд ангиас бүрддэг бөгөөд масс үйлдвэрлэлд байдаггүй нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг аж.
Эико Хигүчигийн хувьд 2900 ам.долларын үнэтэй “C-38B” микрофоныг бүтээхэд мэргэшсэн байна. Энэхүү микрофоныг анх 1965 онд зах зээлд гаргаж байсан ба хөгжимчид, нэвтрүүлэгчдийн 60 жилийн турш сонсож дассан тэрхүү дуугаралтыг анхны байдлаар нь гаргахад эд ангийг нь угсарч нийлүүлэх хангалтгүй ажээ.
“Нарийн, жижиг эд анги бүр бүтэц, өнгө, жингээрээ үл ялиг ялгаатай байдаг. Тэдгээрийг гараараа угсрах шаардлагатай. Роботууд миний ажлыг орлож чадахгүй” хэмээн Эико Хигүчи ярилцлагынхаа үеэр дурдаж байлаа.
“Sony Taiyo” компани 1999 онд нэг хүний үйлдвэрлэлийн аргыг нэвтрүүлснээр орлого нь гурав дахин өссөн гэж “Sony” компани мэдээлсэн байна. “C-38B” микрофоноос гадна “Sony”-ийн 11 мянган ам.долларын үнэтэй, хип хоп, поп дуу бичлэгийн алтан стандарт болсон “C-800G” микрофон ч мөн тус үйлдвэрээс төрөн гардаг аж. Энэхүү микрофоныг Доктор Дре, Жастин Бибер, Дрэйк, Дэвид Гилмур зэрэг уран бүтээлчид хэрэглэдгийг “Equipboard” хөгжмийн зэмсгийн веб сайт мэдээлж байсан юм.
“Sony Taiyo” компанийн 190 ажилтны 60 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажээ. Ажилтнуудынх нь дундаж цалин 27 мянга 300 ам.доллар байгааг “Persol” хүний нөөцийн компанийн мэдээллээс харж болохоор байна. Энэ нь Япон улс даяарх үйлдвэрийн ажилтны цалинтай дүйцэж байгаа юм.